Холливудын од Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шило насанд хүрсэн даруйдаа ааваараа овоглохоос татгалзаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн талаар “TMZ” портал мэдээлэв.

Шило хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 27-ны өдөр 18 нас хүрсэн бөгөөд Шило Жоли-Питт хэмээх өөрийн нэрээсээ “Питт” гэсэн овгоо хасч, зөвхөн “Шило Жоли” болохыг хүсэж буй аж. Тэрбээр үүнийг насанд хүрмэгцээ хийхээр төлөвлөж байсан бололтой.

Брэд Питт, Анжелина Жоли нар 2014 онд албан ёсоор гэрлэж, 2016 онд салах шийдвэр гаргаснаа анх зарласан. Түүнээс хойш Брэд зарим хүүхдүүдтэйгээ харилцаа муутай байсан нь нууц биш бөгөөд энэхүү “хагарал” нь шүүх хурал дээр хүртэл ажиглагдаж байжээ.

Шилогийн нэрээ өөрчлөх хүсэлтийг хараахан хүлээж аваагүй байгаа ч албан ёсны болоход цаг хугацааны л асуудал үлджээ. Түүний хувьд Жоли, Питт нарын төрсөн гурван хүүхдийн том нь юм. Тэд мөн гурван өргөмөл хүүхэдтэй бөгөөд бүгд Жоли-Питт гэсэн “давхар” овогтой аж.

Үнэн хэрэгтээ, өдгөө 15 настай Вивьен охин ч бас “Питт” овгоор дуудуулахаас зайлсхийдэг байна. Анжелинагийн продюсерлэсэн Бродвейн мюзиклт оролцсон тэрбээр тус жүжгийн зурагт хуудаст зөвхөн Жоли овогтой бичигджээ. Мөн өдгөө 22 настай Мэддоксын хувьд “Питт” овгоосоо хэдийнэ татгалзсан байна.

Эх сурвалж: TMZ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу