Dobu.mn мэдээллийн сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

АШИГТ МАЛТМАЛЫН СОНСГОЛООР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШИЛЖҮҮЛНЭ

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжлэв. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ноогдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас үүдсэн хууль бус үйлдлүүд, ажил хариуцан эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй болон санаатай, санамсаргүй үйл ажиллагаа, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй зэргээс үүдсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч ажиглагдаж байсан юм. Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үндэсний баялагтаа монгол хүн бүр эзэн болох, эвдэгдсэн газар нутгаа нөхөн сэргээх, боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж хөгжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг Хянан шалгах түр хорооны гишүүд дүгнэсэн.

ӨМНӨГОВЬД ЗУГААЛГААР ЯВЖ БАЙСАН НЭГДҮГЭЭР АНГИЙН ХОЁР СУРАГЧ НАС БАРАВ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг зугаалгад авч явах үеэр зам тээврийн осол гарч, хоёр сурагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 28-ны өдөр 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан байна. Шалгалтын явцад том оврын ачааны автомашин авто замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн нь тогтоогдсон.

СЕХ Н.НОМТОЙБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 30-нд хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

СЕХ “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу нэр дэвшүүлэхээс татгалзсан байна. Энэ талаар Н.Номтойбаяр тавдугаар 31-нд хэвлэлийн хурал хийсэн. 

ПАРКЫН “ГАЛЗУУ ХУЛГАНА” ТОГЛООМ ДЭЭР ТОГЛОЖ БАЙСАН ИРГЭН НАС БАРАВ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад “Галзуу хулгана” тоглоомоор үйлчлүүлж байсан залуу тавдугаар сарын 29-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 15 цаг 54 минутад “18-19 орчим насны иргэн “Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл ирсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж эхэлжээ.

Хэргийн талаар хүүхдийн паркаас “Хүүхэд унаж, амиа алдсан гэдэг худал. Тухайн хүүхэд тоглоом дээр зүгээр суугаад явсан. Бууж ирэхдээ ухаангүй болчихсон байсан. Осол биш” хэмээн мэдэгдэв. 

Ц.ГАРАМЖАВЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙ БАРИВЧЛАВ

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ, Эрүүгийн цагдаагийн алба хамтран шүүхийн шийдвэргүйгээр буюу хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан тухай өнгөрсөн сарын 29-нд мэдээлэв. Түүнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан бөгөөд хоёр өдрийн дараа сулласан.

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу