УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт ээлжит хуралдаанаараа Засгийн газраас 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Бид энэ удаа “ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ” буландаа Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний танилцуулгаас өрх гэр бүл, нийгмийн халамж, ядуурлын түвшний тухай мэдээллийг онцолж байна.

Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 983.4 мянган өрх тоологдсоны 68.9 хувь нь хотод, 31.1 хувь нь хөдөө амьдарч байна. 2018 онд хөдөө, орон нутагт амьдардаг өрхийн тоо 4.3 хувиар буурч байсан бол 2023 онд 0.2 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөө амьдрах өрхийн тоо өсөж байна.

Сүүлийн таван жилд буюу 2018 онд 100 хүнд ногдох гэр бүл цуцлалт 2.0 байсан бол 2023 онд 2.2 болж өсчээ. Харин 100 хүнд ногдох гэрлэлт 10.2 байсан бол 2023 онд 8.2 болж буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 2.1 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг 2.6 сая иргэнд олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 62.6 мянган хүн байгаагийн 61.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, 26.4 хувийг тэжээгчээ алдсан хүүхдүүд, 11.5 хувийг ахмад настны тэтгэвэр авагчид, бусад төрлийн тэтгэвэр авагчид 0.3 хувийг эзэлж байгаа аж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 онд 134.5 мянган иргэн хамрагдсаны 51.9 хувь нь асаргааны тэтгэмжид, 49.1 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо нэмэгдсээр байгаа аж. Үүнд: эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдийн тоо 2023 онд 67.4 мянга болж, өмнөх оноос 6.8 мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн нийгмийн халамжаас тэтгэвэр авагч ахмадын тоо 4.1 мянгаар нэмэгдсэн, байнгын асаргаа шаардлагатай 16 нас хүртэлх хүүхэд болон 16-гаас дээш насны иргэдийн тоо 2-3.0 мянгаар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутамд ядуурлын түвшинг тооцдог. 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувь байсан бөгөөд энэ нь ядуурлын шугамыг шинэчлэн тооцсон дүн юм.

Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 мянган хүн байгаа бөгөөд ядууралд өртөхөд ойрхон 346.4 мянган хүн ам байгаа нь ядуурал 10.3 хувиар нэмэгдэх эрсдэлтэйг харуулжээ.

Нийт ядуу хүн амын 57 хувь нь хот суурин газарт, 43 хувь нь хөдөө, орон нутагт байгаа аж. Үүнээс 37 хувь нь Улаанбаатар хотод, сумын төвд 20 хувь, аймгийн төвд 19 хувь, хөдөө 23 хувь нь амьдарч байна.

Жини коэффициент буюу тэгш бус байдлын үзүүлэлт болох нэг хүнд сард ногдох зардлын ялгаа буурчээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажиллагчдын тоо нэмэгдэж байгаа хэдий ч ажиллах хүчнээс гадуурх хүн ам өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин буурч байна. 2023 онд ажиллах хүч 1,245.6 мянга болж, өмнөх оноос 20 мянгаар буурсан бол ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо 2023 онд 915.9 мянга хүрч, өмнөх оноос 20 орчим мянгаар нэмэгдсэн байна.

2023 онд аж ахуйн нэгж байгууллагын 23.6 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн гэсэн нь өмнөх оноос 7.7 нэгжээр өссөн үзүүлэлт аж.

Ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжлийн ангиллын үндсэн бүлгээр авч үзвэл, ажиллах хүчний нийт эрэлтийн 23.5 хувийг мэргэжилтэн, 21.3 хувийг энгийн ажил мэргэжил, 17.2 хувийг үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 11.1 хувийг худалдаа, үйлчилгээний ажилтан бүлэгт хамаарах ажил мэргэжлийн эрэлт эзэлж, нийт ажиллах хүчний эрэлтийн 73.1 хувийг бүрдүүлжээ.

Түүнчлэн барилгын засалч, шаварчин, жолооч, оёдолчин, мужаан, тогооч, зөөгч, гагнуурчин, цахилгаанчин, сантехникч зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэдэг ажил мэргэжлийн эрэлт их байгаа бол дээд боловсролын хувьд нягтлан бодогч, менежерүүд, инженер, малын эмч зэрэг ажил мэргэжлүүд эрэлттэй ажил мэргэжлийн хүрээнд нэрлэгдэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу