Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өчигдөр (2023.03.29) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар түүнийг Засаг даргын албан тушаалаас нь огцруулахаар болсон байна.
Сануулахад, Ө.Сумьяабаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үйлдэл хийсэн гэх баримт ил болж, өнгөрөгч 2022 оны гуравдугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулах саналыг хэлэлцэн 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн. Гэвч тэрбээр одоог хүртэл үргэлжлүүлэн ажлаа хийсээр байгаа юм. Ө.Сумьяабаатарыг УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дэмжин Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулж байсан. Ж.Ганбаатарын хүн гэгддэг. Дүүргийн ИТХ-ын саналыг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эцэслэн шийдэх учиртай.

Ө.Сумьяабаатар нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

  • 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
  • 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал,
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал,
  • 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх, 
  • 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх зэрэг албыг хашиж байжээ.

Мөн тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдож байсан бөгөөд 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу