Япон Улсын Элчин сайдын яам хүмүүнлэгийн болон дипломат зорилгоос бусад виз мэдүүлгийг тус Элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч буй юм. Сүүлийн үед виз мэдүүлэгтэй холбоотойгоор маш олон зөрчил гарч байгаа тул виз мэдүүлгийн цаг наймаалцах, худалдан авахгүй байхыг хатуу анхааруулж байна.

Нийгмийн сүлжээнд виз мэдүүлгийн цаг наймаалах зүй бус үйлдэл гарч байгаа нь тогтоогдсон бөгөөд бусад хүнээс худалдаж авсан болон хэн нэгний авсан цаг дээр оронд нь виз мэдүүлэх боломжгүйг анхаарууллаа.

Виз мэдүүлгийн цагийг энэ холбоос-оор нэвтрэн орж, ажлын өдрийн өглөөний 09.00 цагаас, долоо хоногийн өмнө авах шаардлагатай аж. Жишээ нь, зургаадугаар сарын 3-ны Даваа гаргийн виз мэдүүлгийн цагийг өмнөх долоо хоногийн Даваа гарагийн өглөө авах юм байна.

Группээр зорчих виз мэдүүлгийн тухайд тодорхой журмын дагуу виз мэдүүлгийн материалыг хүлээн авч байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг виз мэдүүлгийн төвөөс буюу +976–70114446 / 70114448 / 70114449 утас, info.jpmn@vfsglobal.com имэйл хаягаар авч болох юм байна.

АНХААРУУЛГА

Виз мэдүүлэгч цахим виз мэдүүлгээс бусад тохиолдолд өөрийн биеэр очиж, виз мэдүүлэх шаардлагатайг анхааруулжээ. Сүүлийн үед тус Элчин сайдын яамнаас албан ёсоор итгэмжлэгдээгүй хувь хүн, байгууллага виз мэдүүлгийн материал бүрдүүлэн, виз мэдүүлэх явдал цөөнгүй гарч байгаа аж.

Виз мэдүүлэгчээс ярилцлага авах үед бүрдүүлсэн материалын агуулга, аяллын маршрутын талаар бүрэн дүүрэн ойлголтгүй, мэдүүлэгчийн яриа зөрөх тохиолдол гардаг. Үүнээс үүдэн виз мэдүүлэгчийг үнэн, зөв мэдүүлэг өгөөгүй гэж үзэн, татгалзсан хариу өгдөг байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу