Израилийн агаарын цэргийн хүчний онгоцууд Сирийн Алеппо хотын ойролцоох (Дамаскаас 360 км-ийн зайд) цэргийн байрлал руу довтолсны улмаас тус улсын зэвсэгт хүчин болон шийтийн зэвсэгт бүлэглэлийн 17 гишүүн амь үрэгдэж, 15 хүн шархадсан байна. Энэ талаар Дубайн “Al Hadath” телевизийн суваг мэдээлжээ.

Израилийн пуужингийн цохилтод хотын зүүн өмнөд хэсэгт орших Хайян дүүрэг өртсөн бөгөөд тэнд хүчтэй дэлбэрэлтүүд болсон байна. Сири улс хариуд нь агаарын довтолгооноос хамгаалах системээр гал нээж, Израилийн хэд хэдэн пуужинг амдан устгажээ.

Израилийн агаарын цэргийн хүчин орон нутгийн цагаар 00.20 цагт Алеппо хотын зүүн өмнөд хэсэгт цохилт өгсөн аж. Арабын Батлан ​​хамгаалах яамны эх сурвалж “SANA” агентлагт мэдээлэхдээ “Агаарын түрэмгийллийн улмаас хэд хэдэн хүн амь үрэгдэж, эд материалын хохирол учирсан” гэж хэлсэн байна.

Их Британид төвтэй ч Сири дэх асар их эх сурвалжийн сүлжээ бүхий ажиглалтын төвийн мэдээлснээр, аврагчид болон гал сөнөөгчид цохилтын улмаас шархадсан хүмүүсийг эмчлэх, гарсан түймрийг унтраахаар газар дээр нь очжээ. Тус байгууллагаас мэдээлэхдээ, “Хайяныг Сири болон гадаадын иргэдээс бүрдсэн Ираныг дэмжигч бүлэглэлүүд удирддаг” гэжээ.

Сирид иргэний дайн эхэлснээс хойш Израил хойд хөршдөө олон зуун удаа цохилт өгч, гол төлөв цэргийн байрлал, Ираны дэмжлэгтэй дайчид, ялангуяа “Хезболла” бүлэглэлийнхнийг онилсоор ирсэн байна. Израил “эртний дайсан” Ираныг Сирид байр сууриа бэхжүүлж, өргөжүүлэхийг зөвшөөрөхгүй гэж удаа дараа мэдэгдсэн билээ.

Ираны дэмжлэгтэй Палестины “ХАМАС” зэвсэгт бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн эсрэг дайралт хийснээр Газын зурваст дайн эхэлсэн бөгөөд Израилийн зэвсэгт хүчний цохилтын тоо ч улам нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: ALARABIYA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу