Мексикт өнгөрсөн Ням гарагт бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн. Нэр дэвшигч Клаудиа Шейнбаум үнэмлэхүй ялалт байгуулж, Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

Мексикийн сонгуулийн байгууллагаас мэдээлснээр, Мехико хотын дарга асан, цаг уур судлаач Клаудиа Шеинбаум урьдчилсан мэдээллээр 57.9 хувийн санал авч, ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ нь Мексикийн ардчиллын түүхэн дэх Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хамгийн “өндөр хувь” болж буй аж.

Түүний гол өрсөлдөгч болох “Мексикийн төлөөх хүч ба зүрх” сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Сочитль Гальвест сонгогчдын 29.6 хувь нь саналаа өгсөн тул тэрбээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шейнбаум “Бүгд найрамдах улс байгуулагдсаны 200 жилийн түүхэнд би Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо” гэж хэлэхэд түүнийг дэмжигчид “Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч” гэж чангаар хашгирчээ.

Олон жилийн турш эмэгтэйчүүдийн уламжлалт үнэт зүйл, үүргийг үгүйсгэж ирсэн, Ромын католик шашинтнуудын хоёр дахь том өлгий нутаг, Мачо соёлоороо алдартай Мексикийн хувьд Шейнбаумын ялалт чухал алхам болж буй аж.

Мексикийн хамгийн жижиг муж болох Тлаксалагийн иргэн, Шейнбаумыг дэмжигч 87 настай Эдельмира Монтиэл “Би хэзээ нэгэн цагт эмэгтэй хүний ​​төлөө саналаа өгнө гэж төсөөлж ч байсангүй” хэмээн хэлжээ. Тэрбээр “Өмнө нь бид өөрийн хүссэнээр бус, нөхрийн хэлсэн хүний төлөө л саналаа өгдөг байсан. Өөрчлөлт ирж, өөрийн саналаа өглөө. Бурхандаа баярлалаа” гэж нэмж хэлсэн байна.

Төрийн дээд албан тушаалын төлөө “Түүхийг үргэлжлүүлэн хамтдаа бүтээцгээе” эвслээс одоогийн Ерөнхийлөгчийн залгамжлагч Клаудия Шейнбаумыг ээдрээтэй зам хүлээж буй юм. Тэрбээр төсвийн асар их алдагдалтай, эдийн засгийн өсөлт багатайн зэрэгцээ нийтийн халамжийн бодлогыг нэмэгдүүлэх амлалтыг тэнцвэржүүлэх ёстой.

Сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа тэрбээр дэмжигчдэдээ хандан Засгийн газар санхүүгийн хариуцлагатай байж, Төв банкны бие даасан байдлыг хүндэтгэнэ гэж хэлсэн байна.

Тус улсын иргэд шинэ ерөнхийлөгчөөс гадна Конгрессын доод танхимын 500 гишүүн, 128 сенатчийг сонгожээ. Мөн найман мужийн захирагч, Мехико хотын даргын сонгууль болсон байна. Сонгогчдын жагсаалтад 98.3 сая гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд орон даяар 170 мянга гаруй санал авах байр нээжээ.

Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд Шеймбаумаас гадна “Мексикийн төлөөх хүч ба зүрх сэтгэл” барууны эвслийн нэр дэвшигч, сенатч Сочитль Гальвес, “Иргэний хөдөлгөөн” намын Хорхе Альварес Мэйнс нар өрсөлдсөн юм.

Эх сурвалж: REUTERS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу