Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар мэдээллээ. Энэ үеэр БНБУ-ын ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн хэлсэн үгийг хүргэе.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.ЛУКАШЕНКО

-Мөнх хөх тэнгэрийн орны ард иргэдийн зочломтгой зан заншил, байгалийн үзэсгэлэн гоо надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. “Хувьтай хүн хур борооноор” гэж хэлдэг шиг бид ч мөн хур бороо авчирч, албан ёсны харилцааг амжилттай зохион байгууллаа.

Танай сайхан оронд хийж байгаа энэхүү төрийн дээд айлчлал 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал. Монгол, Беларусь хоёр улс томоохон орнуудтай хөрш бөгөөд дэлхий дахинд ойр дотно олон анд нөхөдтэй. Тиймээс Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг.

Бид ч бас хоёр талаасаа улс орнуудад хавчигдсан, далайд гарцгүй. Иймээс та бүхний хэрэгжүүлж буй бодлого ойр санагддаг. Манай хоёр орны хооронд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүйг би бат итгэлтэй хэлэхийг хүсэж байна.

Монгол Улстай өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх бидний чин сэтгэл, эрмэлзлийг энд хүрэлцэн ирсэн Беларусийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн илтгэн харуулна. Танай улс сайн сайхнаар өсөн дэвжиж, орчин үеийн өнгө төрхтэй хөгжиж байгааг харахад таатай байна.

Бид албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр ойрын хугацаанд хоёр талын хамтарсан 3-4 төслийг хэрэгжүүлэхээр тодорхойлох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Эдгээр хамтарсан төсөл нь Монгол Улсын хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилттой бүрэн нийцэх юм.

Уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт Беларусийн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн эдгээр техник төхөөрөмж дээр ажиллах Монголын боловсон хүчнийг Беларусьт бэлтгэх боломжтой.

Манай улсад үйлдвэрлэдэг уул уурхайн болон газар тариалангийн тоног төхөөрөмж, лифт, бусад төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллах монгол залуусыг бэлтгэхэд бид бүхэн бэлэн байна.

Беларусь улс урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хөнгөлөлттэй арга хэлбэрийг ашиглахад бэлэн байна.

Монгол Улсад хийж буй миний айлчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн мэдээлж байгаа талаарх бүрэн мэдээллийг би авсан. Зарим хүн миний айлчлалыг эерэгээр, зарим нь сөргөөр хүлээн авч байгааг мэдэж байна. Бид ямар нэг ашиг хайж Монгол Улсад ирээгүй.

Бидний хоорондын худалдаа тийм их хэмжээтэй биш тул хамтын ажиллагааг аль аль талдаа харилцан ашигтай байхаар хөгжүүлэх нь зүйтэй. Хэрэв Монгол Улс Беларусийн техник, тоног төхөөрөмжийг сонирхвол бид та бүхний шаардлагад нийцүүлэн бүх зүйлийг хэрэгжүүлэхэд бэлэн.

Та бүхэн Японы талтай хамтран нисэх онгоцны шинэ буудлаа барьсан. Бид ч бас энэ чиглэлд хамтран ажиллаж, хангалттай өрсөлдөхүйц хэмжээний техник, технологи эзэмшсэн болохыг харуулах боломжтой.

Дэлхий дахинд хөгжлөөрөө танигдсан Хятад, Япон зэрэг улс оронтой ижил хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Бид ямар нэг ашиг хонжоо хараагүй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна.

Монголын ард түмэн Беларусийн хөнгөн үйлдвэрийн бараа, хүнсний бүтээгдэхүүний чанар, боломжтой үнэ өртгийг үнэлж буйг бид мэднэ. Бид бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Беларусийн бараа, бүтээгдэхүүний худалдааны төв нээх боломжтой.

Түүнчлэн энэ ондоо багтаж Евразийн Эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулах Монгол Улсын эрмэлзлийг Беларусийн тал дэмжиж болно. Энэ нь бараа, бүтээгдэхүүн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ монгол бараа, бүтээгдэхүүнийг Беларусьт хүргэх экспортын замыг нээх юм. Тиймээс үүнд онцгой анхаарах цаг ирсэн гэж үзэж байна.

Евразийн Эдийн засгийн холбоо бидний сөргөлдөгч улсууд биш нэг бүс нутагт байгаа хамтран ажиллах улсууд юм. Хэрэв энэ бүс нутагт байгаа улсуудтай муу харилцаатай байвал аль ч улс орон та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй. Ийм байдлаар өөрийн санаа бодлоо хэлж байгаадаа хүлцэл өчье.

Манай улсын ард иргэд Монголын бүтээгдэхүүнийг таатайгаар худалдан авах болно. Манай улсын нийслэл Минск хотод нэрийн барааны дэлгүүрээ нээхэд бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Хүссэн газраа зааж болно, тэнд дэлгүүр нээе.

Танай улс их хэмжээний баялагтай. Зарим баялгаа “тэнд бий” гэсэн төсөөлөлтэй байна. Та нар байгалийн энэ их баялгаа хамгаалах хүчин чадалтай байх ёстой. Манай оронд та бүхэн ирж, бидэнд юу байгааг сонирхоорой.

Энэхүү айлчлалыг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажилласан бүх албаны хүнд талархал илэрхийлье. Беларусийн төлөөлөгчдийн айлчлал Монгол Улсын хувьд нэн чухал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болж буйгаараа онцлогтой. Та бүхний сонгуулийн үйл ажиллагаанд амжилт, Монголын ард түмэнд амар амгалан, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Дэлхий дахины хэвлэл мэдээллийн ажилтнуудад Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа талаар нэг асуудлыг тодорхой болгохыг хүсэж байна. Монгол Улсын иргэдийн зарим нь Беларусиас нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг сөргөөр хүлээж авсан.

ОХУ-аас Украин улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай уялдуулж, бидний хамтын ажиллагааг сөргөөр хүлээж авсан байна. Би Монгол Улсын түүх, Чингис хааны түүхийг судалж үзсэн. Тэр хүн бол Монголын Их гүрнийг хамгаалахын төлөө их ажил хийж гүйцэтгэсэн. Өөрийн анд нөхөд, Монголын ард иргэдээ, хэдэн мянгаараа амь үрэгдэж байсан цэрэг дайчдаа яаж хамгаалж байсныг би мэднэ.

АНУ тэргүүтэй барууны улс орнууд Зөвлөлт холбоот улс (ЗХУ)-ыг тарж бутаргахыг хүсэж байсан. ЗХУ тарж бутарсны дараа бид АНУ тэргүүтэй барууны орнуудтай сайхан хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед барууны хүчний блок, НАТО тэргүүтэй бүлгүүд ОХУ болон Беларусийн хил рүү хэзээ ч ойртохгүй гэсэн амлалт өгч байв.

Энх тайвныг эрхэмлэсэн бидний үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ явуулсан хамгийн анхны улс нь Украин байсан. Ах, дүү байсан улс орнууд биднээс нүүр буруулсан. Бид барууны улс руу ямар нэг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн газар нутгаа хамгаалах бодлого явуулсан. Чингис хаан ч бас тухайн үед өөрийн газар нутгаа хамгаалах бодлого явуулж байсан.

Харин өнөөдөр Украин улс өмнөх зууны адил хүмүүсийг амьдаар нь шатааж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол Отес хотноо олон хүнийг хэвлэлийн байранд амьдаар нь шатаасан үйл явдал болсон. Үүнтэй зэрэгцэн В.В.Путин тэнд байгаа ард иргэдээ хамгаалахын төлөө бодлого явуулсан.

Би бол энэ бүх үйл явдлын түүхэн гэрч. Намайг зохицуулагч гэж ярьдаг. Миний зүгээс хоёр талын энхийн хэлэлцээр хийх талбарыг зохион байгуулсан. Энхийн хэлэлцээрийн хэд хэдэн хэлэлцээг зохион байгуулсан.

Манай газар нутагт Украинд болж байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар шийдүүлэхийн төлөөх яриа хэлэлцээг хэдэн удаа хийсэн. Уг нь үр дүнд хүрсэн бол дайны ажиллагаа зогсох байлаа. Гэвч барууны улс орнууд Украинд очоод, энхийн яриа хэлэлцээр хэрэггүй гэх шийдвэрт хүргүүлсэн.

Би өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлсэн, Украинд одоо дайтах хүнгүй, зэвсэггүй болсон байна. Нөхцөл байдал ямар болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Оросууд ч бас энэ дайныг хүсэхгүй байна. Яагаад энхийн хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байна вэ?

АНУ зөвхөн ОХУ-тай дайтаж, хүчийг нь сулруулахыг эрмэлзэж байна. АНУ-ын явуулж байгаа бодлого ийм л зарчимтай байгааг монголчууд та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна.

АНУ тэргүүтэй барууны хэвлэлүүд юу гэж ярьж байгааг тунгаагаасай. Хүсвэл манай улсад зочлоорой. Манай улс ямар байгааг харах боломжтой. Биднийг шүүмжлэх биш, бодит байдлыг харж, дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна.

ОХУ бол бидний хамгийн дотны анд нөхөд. Хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн бүхий л баримт бичгийг үндэслэн, бид ямагт ОХУ-ын талд байх болно. АНУ тэргүүтэй улсууд юу гэж ч хэлж байсан бид тэр бүс нутагт энх тайван тогтоосой гэсэн хүсэл эрмэлзлийн төлөө ажиллаж байна. Тиймээс та бүхэн аливаа мэдээллийг судалж, өөрсдөө тунгааж үзээрэй.

Хэвлэлд ярих ярианаасаа гажиж, нэмэлт мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг барьсан мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж, биднийг Монголын ард түмний дайсан мэт харуулж байгаад би гүнээ харамсаж байна.

Бид Их гүрнүүдийн ижил түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу