Энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зарим үйл явдлаас дурдаж байна.
Эрх чөлөө, ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн мянга мянган хятад залуусын бослого эцэстээ аймшигт үйл явдлаар төгссөн харамсалтай үйл явдал дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн.
БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд 1989 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургаадугаар сарын 4-ний хооронд Хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид тус улсад ардчиллыг хөгжүүлэх шаардлага тавьж, жагсаал цуглаан зохион байгуулж, суулт хийсэн юм.
Энэхүү жагсаалыг зургаадугаар сарын 4-нд БНXАУ-ын удирдлага Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсан байдаг. Одоог хүртэл энэхүү аймшигт үйл явдалд амь насаа алдсан иргэдийн тоог нууцалдаг ба бүрэн мэддэг хүн байдаггүй.
Тяньаньмэний хядлагыг нийгмийн “вакцинжуулалт” байсан гэж Хятадын төв хэвлэл мэдээллээ
Энэ бол бүх Хятадын ард түмний төдийгүй дэлхий дахиныг цочроосон аймшигт үйл явдал болсон билээ. Тяньаньмэний бослого гарах болсон шалтгаан болон зарим мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 
  1. Бослого гарах болсон шалтгаан

1978 оноос Хятадын удирдагч Дэн Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал шинэчлэл “нээлттэй бодлого” хэрэгжүүлж эхэлжээ. Дэн Сяопиний өөрчлөлт, шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур байсан оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байсан гэдэг.

Хятад: Тянь ань миний хядлагыг түүхээс арчиж байна | News.MN

ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны 1-р сард албан тушаалаасаа огцров.

Намын бодлогоос “гажууд” өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөсөн гол “оч” болсон юм. 

Оюутнуудын хөдөлгөөний гол зохион байгуулагч Ван Дань, Чай Лин, Уэр Кайси, Фэн Цундэ, Пу Чицян нараар удирдуулсан “Бээжингийн бие даасан оюутны холбоо” байжээ.

Тийм ч учраас энэ үйл явдлыг оюутны хөдөлгөөн гэж нэрлэдэг. Гэхдээ Хань Дунфан, Цянь Юймин, Бай Дунпин, Лю Хуанвэнь, Лю Сян, Жоу Юнцюнь нараар удирдуулсан “Бээжингийн бие даасан ажилчдын холбоо” мөн цуглаанд идэвхитэй оролцож, эрх баригчдын эсрэг арай илүү хатуу байр суурь баримталж байжээ.

2. Өрнөл 

Tiananmen Square: What happened in the protests of 1989? - BBC News

Дөрөвдүгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн, Тяньаньмэний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэгт залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, “Циньхуа” их сургуулийн оюутнууд энэ өдөр оюутны байр болон Тяньаньмэний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн, эмгэнэлийн үгсээ бичин гашууджээ.
Дөрөвдүгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ.
Ийнхүү эмгэнэл илэрхийлэн, талбайд цугларсан залуус дээр Хятадын өнцөг булан бүрээс оюутан, багш нар, ажилчид, ард иргэд ирж нэгдсээр байжээ.

China photographer unveils rare Tiananmen pictures on 30th anniv.

Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч, улс төрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг, оюутнуудын төлөөлөгчдийн эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зөвшөөрсөн ч саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.
Тавдугаар сарын 30: М.Горбачёвын айлчлалыг сурвалжлахаар дагалдан ирсэн Оросын болон гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хөдөлгөөн, өлсгөлөнгийн мэдээллийг дэлхий даяар цацаж эхлэв.
Энэ үеэр Коммунист намын Ахмадын зөвлөл оюутнуудтай ярилцаж үзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хүсээд байгаа нь тодорхойгүй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь Тяньаньмэний бослого амжилтад хүрээгүй нэг шалтгаан нь энэ юм.
Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох, улс төрийг өөрчлөх гээд янз бүрийн шаардлага тавьж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байсан нь тэр олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн билээ.
3. Төгсгөл 
Зургадугаар сарын 3: Хятадын Ардын Чөлөөлөх арми, иргэдийн хооронд анхны мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 цагийн орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ.
Армийн танкууд Тяньаньмэний талбай руу хэд хэдэн талаас дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилсан байна. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш хашиж буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид бусаддаа цэргүүдийн өөдөөс “Молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.
Тяньаньмэний талбайд болсон цуст хядлагын тухай аймшигт 10 баримт
Зургадугаар сарын 4: Үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг дайрч сүйрүүлжээ. Энэ үйл явдал болсноос хойш ганцхан цагийн дараа буюу үүрийн 05.40 цагийн үед талбайгаар нэг асгарсан хүний цусыг угааж, хогийг түүж цэвэрлэсэн байна.
Амь үрэгдэгсдийн тоог өнөө хүртэл хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг нотлох баримт байхгүй. Хятадын Засгийн газрын албаны мэдээгээр, амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан загалмайн нийгэмлэг 2600 гэж мэдээлсэн байна. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор, хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгдсэн гэж үздэг. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурджээ.
Энэ үйл явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг.
Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад “Google” цахим хуудсаар Тяньанмэний бослогын талаархи мэдээлэл авах боломжгүй хэвээр.

Тяньаньмэнийн талбайд болсон үйл явдал | Atime.mn

НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол болсон юм.
Сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалт: Энэ үйл явдлын дараа Хятадын засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг нууцалж, гадаад болон дотоодод мэдээлэл тараахаас сэргийлэх арга хэмжээ авсан.
  • Олон улсын хариу үйлдэл: Тяньаньмэний хядлагын дараа олон улс орон Хятадын засгийн газрыг шүүмжилж, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.
  • Символ: “Танкны хүн” нэрээр алдаршсан нэгэн эрэгтэй танкийн цувааны өмнө зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн зураг дэлхий даяар ардчиллын төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсон юм.

Хүн танк”-ны зургийг буулгасан зурагчин таалал төгсчээ | News.MN

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу