АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт өөрийн улс төрийн гол өрсөлдөгч Доналд Трампыг “Эрх чөлөөгөө алдахаас айж, сонгуульд өрсөлдөж буй гэмт хэрэгтэн” гэж хэлжээ.

Байден Коннектикут мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Америкийн түүхэнд анх удаа гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож, ял шийтгүүлсэн Ерөнхийлөгч асан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь энэ юм” гэж хэлснийг Цагаан ордны хэвлэлийн алба иш татсан байна.

Байден “Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь түүнийг “шууд утгаараа галзууруулж байна” гэж хэлжээ. Түүний хэлснээр Трамп “галзуурч” байгаа аж.

Америкийн одоогийн удирдагч “Түүний яриаг сонс, тэр дарангуйлагч болохыг хүсэж байна” гэж нэмж хэлжээ. Түүний тэмдэглэснээр, Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд асар их мөнгө зарж байгаа аж.

Цагаан ордны Хэвлэлийн албанаас тараасан, Байдены илтгэлд “Трамп өшөө авахын төлөө өрсөлдөж байгаагаа сонгуулийн кампанит ажлынхаа туршид тодорхой илэрхийлж байна. Одоо хүнд гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсоны дараа эрх чөлөөгөө хадгалахын төлөө санааширч байгаа нь тодорхой юм” гэж онцолжээ.

Анхан шатны санал хураалт (праймериз) болон намын идэвхтэнүүдийн хуралдаанаас Трамп, Байден нарт ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгосон.

Висконсин мужийн Милуоки хотноо ирэх долдугаар сарын 15-наас 18-нд болох АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний их хурлаар Трампын нэр дэвших эрхийг баталгаажуулах ёстой.

Ардчилсан намынхан Иллинойс мужийн Чикаго хотод наймдугаар сарын 19-нөөс 22-нд болох Их хурлаараа Байдены нэр дэвших эрхийг баталгаажуулах төлөвтэй байгаа аж. Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй юм.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу