Хятадын эрх баригчид зургаадугаар сарын 4-нд, “хэлмэгдүүлэлтийн 35 жилийн ой”-той холбогдуулан Бээжингийн Тяньаньмэний талбайг Мягмар гарагт хаана гэж мэдэгдсэн бол Хонконгийн цагдаа нар Тайвань болон бусад газарт энэ өдрийг тэмдэглэхээр бэлтгэж байгаатай холбоотойгоор хамгаалалтаа чангатгасан байна.

1989 оны зургаадугаар сарын 4-ний өглөө үүр цайхаас өмнө Хятадын эрх баригчид Тяньаньмэний талбайд хэдэн долоо хоног үргэлжилсэн оюутнууд, ажилчдын эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсан.

Энэхүү аймшигт хэлмэгдүүлэлтээс хойш хэдэн арван жил өнгөрсөн ч жагсагчдын анхны зорилго болох, тухайлбал хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө зургаадугаар сарын 4-ний энэ өдөр хүртэл Хятадад хориотой сэдэв хэвээр байгаа юм.

Хятадын эрх баригч Коммунист нам амь үрэгдэгсдийн тоог хэзээ ч тодорхой зарлаж байгаагүй бөгөөд хүний эрхийн төлөө байгууллагууд болон гэрчүүдийн үзэж буйгаар энэ тоо хэдэн мянгад хүрчээ.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Те Мягмар гарагт “Түүхийн хуудаснаас зургаадугаар сарын 4-ний эмгэнэлт ‘дурсамж’ арчигдахгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард тангараг өргөсөн, Хятадын өөрийн нэг хэсэг хэмээн зарладаг ардчилсан арлын удирдагчийн хувьд Лай “Тайвань дарангуйлагч дэглэмд эрх чөлөөгөөр хариу барина” гэж нэмж хэлсэн байна.

Бээжингийн Тяньаньмэний талбайн албан ёсны цахим хуудаст зургаадугаар сарын 4-нд тус талбайг бүтэн өдрийн турш хаахаар болсон тул талбайг үзэхээр өмнө нь тасалбар авсан хүмүүс мөнгөө буцааж авах боломжтой талаар мэдэгдэл нийтэлжээ.

Бээжингийн метроны сүлжээний албан ёсны цахим хуудаст Тяньаньмэний зүүн өртөөний гарцыг зургадугаар сарын 2-ноос 5-ны хооронд хаахаар болсон тухай мэдээлсэн байна.

“Тогтвортой байдлыг сахин хамгаалах” сайн дурын жижиг бүлгүүд буюу улаан туузтай тэтгэвэрт гарсан хүмүүс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Бээжингийн төвийн хорооллуудад харуул хамгаалалт хийж буй юм байна. Явган хүний ​​гүүрэн дээр ч мөн “харуулууд” байрлуулсан аж.

Хятадын WeChat, Douyin зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөрсдийн профайл зургаа өөрчлөх боломжгүй байгаа талаар мэдээлсэн байна.

“Тяньаньмэний хохирогчдын ээжүүд, Хятадад голдуу оршин суудаг, амьд үлдсэн хүмүүс болон Тяньаньмэний хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн гэр бүлээс бүрдсэн бүлэг “Гучин таван жил өнгөрч, эрх баригчид чимээгүй байна. “Хятадын Коммунист Намын товч түүх” хэмээх цахим хуудсаас ‘1989 онд оюутны хөдөлгөөний улмаас эмгэнэлт явдал болсон’ гэсэн л мэдээлэл харж болно. Бодит байдлыг үл тоомсорлосон ийм мэдэгдлийг бид хүлээн зөвшөөрч, тэвчиж чадахгүй” гэж бичжээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жил бүрийн зургаадугаар сарын 4-ний өдөр лаа асаах томоохон жагсаал зохион байгуулдаг байсан Хятадын засаглалтай Хонконгод цагдаагийн ажилтнууд Виктория цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрны хамгаалалтыг чангатгасан байна.

Даваа гаргийн орой цагдаагийн микро автобусны дэргэд жүжиглэх гэж байсан жүжигчин Санму Ченийг цагдаа нар баривчлан авч явсан ч удалгүй суллажээ.

Хонконгийн цагдаа нар өнгөрсөн Мягмар гарагт энэ жил батлагдсан үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу зургаан хүнийг баривчилсан нь зургадугаар сарын 4-ний өдөртэй холбоотой цахим нийтлэлээс үүдэлтэй аж. Түүний дараа дахин хоёр хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу