Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй. Өнөөдөр өндөрлөх түүний айлчлалын талаар гаднын хэвлэлүүд өөр өөрийн өнцгөөр мэдээлсээр байна.

CURRENT TIME (“Настоящее Время”. Чех Улс)

“Александр Лукашенко Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Орон нутгийн хэвлэлүүд Минск ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийг дэмжиж байсныг уншигчдадаа сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Лукашенког баривчлахыг уриалав.

Хариуд нь Лукашенко Чингис хааныг дурдаж, Путины эхлүүлсэн дайны шалтгааныг тайлбарлаж, Монгол Улсын удирдлагад эрх мэдлээ хэрхэн хадгалах талаар зөвлөж (илтгэлийн энэ хэсгийг тус улсад болох гэж буй парламентын сонгуульд зориулсан), мөн Монголын нэг талыг барьсан сэтгүүлчдийг шүүмжиллээ” гэж мэдээлсэн байна.

Мөн “Current time” мэдээлэхдээ “Ерөнхийлөгч Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн Монгол Улсын дөрвөн иргэнийг баривчиллаа” гэв.

SB NEWS (Беларусь Улс)

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй өнөөдөр Улаанбаатар хотноо хийсэн хэлэлцээний дараа хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийв. Энэ үеэрээ Монгол Улсад хийж буй айлчлалын зорилгын талаар болон сөрөг хүчнийхний тараасан худал мэдээлэлд тайлбар өглөө.

“Бид Монгол Улсад ашиг хайж ирээгүй. Манай хоёр орны худалдааны эргэлт 30 орчим сая ам.доллар байгаа нь бидний хувьд тун чамлалттай юм. Бид түүнийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Манай улс өндөр технологитой, үүнийг ЗХУ-ын үеэс л Ерөнхийлөгч мэддэг.

Хэрэв Монгол Улс манай технологийг сонирхвол бид ойролцоо байрладаг Хятад, Орос, Япон, Солонгос гэх мэт аль ч улстай шударгаар өрсөлдөх боломжтой. Бид ах дүүгийн найрсаг, халуун дотно харилцаатай байсан харилцаагаа сэргээхийг хүсч байна. Энэ бол бидний айлчлалын үндэс” гэв.

Ерөнхийлөгч энэ оны эцэс гэхэд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ)-той худалдааны түр хэлэлцээр байгуулах Улаанбаатарын эрмэлзлийг Беларусь улс дэмжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэхүү баримт бичиг нь худалдааны эргэлтийг харилцан нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын Беларусь болон бусад улс руу экспортлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжийг нээх юм.

Александр Лукашенко “Энэ асуудалд онцгой анхаарах цаг болсон гэж бодож байна. Та бүхний Евразийн эдийн засгийн холбоотой харилцааг дэмжвэл бид энд ямар ашиг хүртэх вэ? Бид танай улсын хамгийн ойрын хөрш тул өргөн хүрээнд харилцах хэрэгтэй. Бид мөрөө гаргахад бэлэн байна.

Бидний зөвшөөрөлгүйгээр ЕАЭХ Монгол Улс болон бусад улстай ямар ч гэрээ байгуулахгүй. Энд ямар буруу зүйл байна вэ? Бидний хувьд авсан хэмжээгээрээ буцааж өгөх болно. Манай хэрэглэгчид танай өндөр чанартай бүтээгдэхүүн болох ноолуур, ноос, арьс ширийг сонирхож байна.

Танай эдгээр бүтээгдэхүүнүүд Беларусь улсад маш их алдартай тул авчирч зарах хэрэгтэй. Бид та бүхний хүсэл тэмүүллийг дэмжих болно. Беларусь улсад, тэр дундаа Минск хотод таны хүссэн газар нэрийн дэлгүүр нээе гэвэл бид Монголын талд туслахад бэлэн байна” гэж тэмдэглэв.

Александр Лукашенко хэлэхдээ, Монголын ард түмэн Беларусийн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хоол хүнсийг мэддэг, чанар сайтай, боломжийн үнэтэй гэдгээр нь үнэлдэг. Мэдээж бид нийлүүлэлтийн хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бөгөөд Беларусийн төрөлжсөн худалдааны платформууд нээх боломжийг судалж байна” гэв.

Монголд ч гэсэн зохих мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй байгаа бөгөөд Александр Лукашенко “Монголд трактор, машин, лифт үйлдвэрлэдэг хамтарсан үйлдвэрүүд байгуулж, монгол нөхөд, залуусаа сургах хэрэгтэй” гэсэн юм.

BelTA (Беларусь)

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монголын зарим сэтгүүлчдийг шүүмжлэв.

Лукашенко “Би Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч буй мэдээллүүдийг бүгдийг уншсан. Монголын сэтгүүлчдэд онцгой анхаарал хандуулсан. Тэдний зарим нь асуудлыг нэг талаас нь хөндөж, юу болж байгааг олж харахгүй байна. Үүний зэрэгцээ Беларусийг Монголын ард түмний дайсан болгохгүй, нөхцөл байдлыг нэг талаас харахгүй байхыг уриалъя.

Биднийг Монголын ард түмний дайсан болгож болохгүй. Бид та нарын хамгийн дотны найзууд, ах дүүс. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр эдийн засгийн чиглэлээр их зүйл хийж чадна гэдгээ нотлох болно” гэж хэлэв.

Лукашенкогийн үзэж буйгаар, ЗХУ задран унахад АНУ тэргүүтэй барууныхны оролцоо байжээ. Тэрбээр “Украинд барууны хүчний блок Беларусь, Орос руу довтлох “замыг зааж”, Украин барууныхны “захиалга”-аар бидний эсрэг хамгийн түрүүнд хориг арга хэмжээ авсан” гэж хэлжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу