ОХУ-ын “Краснополянская косметик” брэндийн үүсгэн байгуулагч Кристина Судеревская “Стратегийн санаачилгын агентлагаас өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан форумын үеэр Ерөнхийлөгч Владимир Путины гартаа түрхэн туршиж үзсэн нүүрний тосны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хүртэл хувиар өссөн” гэж “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сард Москвад болсон Стратегийн санаачилгын агентлагийн “Шинэ цаг үеийн шилдэг санаанууд” форумд оролцсон байна. Тус чуулга уулзалтын дараа тэрбээр “Знай наших” уралдааны хүрээнд брэндүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд “Краснополянская косметик” брэндийн бүтээгдэхүүнийг туршиж үзжээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн гартаа тус брэндийн нүүрний чийгшүүлэгч тосыг түрхсэн бөгөөд гоо сайхны брэндийг бүтээгчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүйгээ амалсан байна.

Судеревская “Өнгөрсөн хоёрдугаар сард борлуулалт 40 орчим хувиар өссөн. Дараа нь 3, 4 дүгээр саруудад борлуулалт яльгүй буурсан ч 2022 оны арваннэгдүгээр сар, 2023 оны нэгдүгээр сартай харьцуулахад өндөр хэвээр байна” гэж хэлжээ.

“Краснополянская косметик” брэндийг анх 2010 оны сүүлээс үйлдвэрлэж эхэлсэн байна. Нийт долоон га талбайд тариалалт хийдэг бөгөөд Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнуудын зах зээлд нэвтэрч, Сочи, Москвад дэлгүүрээ нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу