Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатарын Урбан” фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-наас 9-ний хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.
“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм.
Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. 
Энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Дэлхийн их дуулга” тэмцээн “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдана.
Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байрт эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөх юм.
Дашрамд дурдахад, “Улаанбаатарын Урбан” фестивалийн үеэр “Урбан” спортын арван төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу