Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) зургаадугаар сарын хурлаа  өнөөдөр (2024.06.04) “Сонгуулийн дараах Монгол Улсын дүр зураг” сэдвийн дор зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтаар эдийн засагч Н.Энхбаяр, Ч.Хашчулуун, Б.Лакшми, Ж.Дэлгэрсайхан, “Римакс Монголиа” группийн захирал Б.Бүжинлхам нар сонгуулийн дараах эдийн засгийн төсөөллийн талаар ярилцаж, шинээр байгуулагдах төр, засгийн ойрын болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл, эдийн засгийн бодлогын талаар байр сууриа илэрхийлэв.

“ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН 31 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ
ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖ ХОМС”

Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУН:

-УИХ-ын сонгуулийн мөчлөгийн ерөнхий шинжийг харахад сонгуулийн дараа Сангийн яам, ЭЗХЯ зэрэг холбогдох яамдад томилгоо хийгдэх хүлээлт байна. Энд тодорхой хугацаа орно. Энэ нөхцөлд ирэх жилийн төсвөө хэлэлцэхэд хугацаа алдаж болохгүй, бэлтгэх хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хэвээр байх ч урд, хойд хоёр хөрш улсын эдийн засаг, олон улс дахь геополитикийн байдлаас шалтгаалсан эрсдэл дагуулах хүлээлттэй байна. Эрчим хүчний бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг эхлүүлэх гээд эдийн засагт олон боломж гарч ирэхээр байна. Гэхдээ боломжоосоо илүү олон сорилттой тулгарахаар байна.

Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрддэг. Найдвар төрүүлэхүйц боломжууд байна гэж үзэж байна. Мэдээж эрсдэлүүд бий. Шинэ УИХ-д өмнөх шигээ нэг нам олонх байх уу, үгүй юу. Тэгэхээр шийдвэр гаргалт илүү удаан болох уу зэрэг сонирхолтой зүйлс бий. Сарын дараа хариу нь гарна.

Төр засаг хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй санагддаг. Учир нь нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь хувийнх. Тэгэхээр сайн хамтарч ажиллаж чадвал маш хурдан хугацаанд олон тулгамдсан асуудлыг шийдэх боломж байна.

Хүний амьдралд чухал хэрэгтэй гурван зүйл бий. Нэгд, эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол юу ч урагшлахгүй. Аж үйлдвэр ч явахгүй, дэд бүтэц ч хөгжихгүй. Манайд эрчим хүчний том төсөл юу байна вэ? Намар Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орно. Дулааны, халаалтын станцуудыг хурдан шийдэх хэрэгтэй. Үүнд цаг алдаад, гайхаад байх зүйл үгүй.

Хоёрт, хоол хүнс. Хоол хүнс ховордох, хортой болох аюул байдаг учраас мал аж ахуйгаа сэргээгээд, тариалангаа дэмжээд явахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Гуравт, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин. Ирэх дөрвөн жилд эдгээрт ахиц гаргавал ирээдүйн Засгийн газрыг сайн ажиллалаа гэж үзэх байх.

2025 оны төсвийн зарлагыг 31 их наяд төгрөгөөр тооцсон нь өөдрөг төсөөлөл. Сүүлийн хоёр жилд биднээс хамаарахгүй эдийн засгийн өсөлт их байсан. Таатай үе байнга үргэлжлэхгүй. Иймээс ирэх жилийн төсвөө бодитой л тооцох ёстой. Энэ жил төсвийг УИХ-д есдүгээр сарын 15-ны дотор өргөн барина. Иргэд олон нийтийн хэлэлцүүлэг үүнээс өмнө явагдахаараа онцлогтой.

Эдийн засагчид болон төсвийн тогтвортой байдлыг зөвлөлөөс ирэх жилийн төсвийн орлого 31 наядыг төвлөрүүлэх боломж хомс гэдгийг баталж байна. Учир нь энэ хүртэл явж ирсэн нүүрсний үнэ цаашид буух, манай ганц худалдан авагч болох урд хөршийн эдийн засаг саарсан. Дагаад нүүрсний хэрэглээ буух дохио одооноос бий болжээ.

Өмнөх төсвүүд нэлээд тэлэлттэй байсан. 31 их наяд бол өмнөх тэлэлтийн хурдаас буурсан ч илүү хянуур байх нь зөв. Өнгөрсөн хоёр жил гадаад худалдаа, дэлхийн зах зээлийн үнэ сайн байсан. Яг энэ хугацаандаа мөнгөө хуримтлуулаад, дараагийн дэд бүтэц, аж үйлдвэрийн хүнд төслүүдээ хурдан явуулах үе байлаа.

“ӨМНӨХӨӨ ҮГҮЙСГЭСЭН, ТООЦОО СУДАЛГААГҮЙ, СУУРЬ НӨХЦӨЛ БАЙДЛАА ХАРАЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАВАЛ ИРЭЭДҮЙД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ”

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Сонгуулийн өмнө хэтэрхий их тэлэлт хийж, томоохон шийдвэр гаргадаг. Энэ удаад ч гэсэн төсвийн томоохон тэлэлт, мөнгөний нийлүүлэлт, эрх зүйн орчны томоохон шинэчлэлтүүд хийж байна.

Эдийн засгийн өсөлт бидний хүссэн хэмжээгээр хангагдаж чадахгүй тохиолдолд яах вэ, инфляц болон валютын ханш дээр ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нэлээн эргэлзээтэй харагдаж байна.

Монгол Улсын өнөөгийн эдийн засагт тохирсон төсөв, хөгжлийн бодлогыг хэрхэн харж эхлэх вэ гэдэг шинэ УИХ, Засгийн Газрын хамгийн том сорилт. Шинэ Засгийн газар өмнөх дээрээ суурилсан залгамж халаатай бодлого явуулахгүйгээр цоо шинэ зүйлүүдийг санаачилснаас болоод эдийн засагт савлагаа үүсэх тохиолдлууд зөндөө гардаг.

Иймд Монгол төрд ямар ч засаг, УИХ-ын бүрэлдэхүүн гарсан өнөөдрийн явж байгаа эдийн засгийн өсөлтийг хадгалах, төрийн бодлогын залгамж халаад анхаарсан бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Түүнээс биш өмнөхөө үгүйсгээд өмнө нь ийм байсан, одоо бид шинээр ийм гоё зүйл хийнэ гээд тооцоо судалгаагүй, суурь нөхцөл байдлаа хараагүй шийдвэр гаргавал ирээдүйд сөрөг нөлөөтэй.

2024 оны эдийн засгийн өсөлтийг холбогдох төрийн байгууллагууд нэлээн өндрөөр таамаглаж байна. Миний хувьд Монгол Улсын эдийн засаг 5-6 хувьтай өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Сонгуулийн дараа төсвийн асуудал бол бидний гол сорилт. Учир нь өнөөдрийг хүртэл бидний хүсэн хүлээгээд байгаа мөчлөг сөрсөн төсвийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн шалтгаантайгаар өсөхөөр бид орлогоо дагуулаад зардлаа нэмдэг. Уул уурхайн салбарын орлого буурсан, эдийн засаг суларсан үед төсвийн алдагдал нэмэгдэж, түүнтэй холбоотой валютын ханш дээр дарамт ирдэг. Төсөв дагаж өр нэмэгддэг байдлаас бид төсвийн бодлогын хувьд сайжирч байж гарах болов уу гэж бодож байна.

“ИРЭХ ОНЫ ТӨСВӨӨ 2-3 ХУВИЛБАРТАЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ”

Эдийн засагч Н.ЭНХБАЯР: 

-Хуулийн төслүүдийг яаралтай горимоор өргөн барих нь хуулийн зохицуулалтгүй зүйл шүү дээ. 2016 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг ямар аргачлал, ямар үе шаттай өргөн барих зэргийг бүгдийг тодорхой заачихсан. УИХ-ын Дэгийн тухай хуульд хуулийг яаж өргөн барих, хэлэлцэхийг ч заасан. Гэтэл үүнээс өөр, тусгай горим гаргаад, 7-14 хоногийн дотор хууль батлаад байна. Гамшиг л болоогүй бол бид ийм байдлаар хууль баталж болохгүй шүү дээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд хамаарахгүй гэдэг хуулийн жагсаалт бий. Үүнийг нэмэх биш, цаашид багасгах ёстой. Зөвхөн улс, орны аюулгүй байдал, онцгой байдалтай хамаарах хуулийг л яаралтай горимоор хэлэлцэхээс биш, хаа хамаагүй байгалийн үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хуулийг яаралтай горимоор хэлэлцэж болохгүй шүү дээ. Үүнд шинээр сонгогдож байгаа парламентын гишүүд маш анхааралтай хандах хэрэгтэй.

Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалт нэмж оруулсан. Энэ заалтаа Их Хурлын гишүүд, бодлого, шийдвэр гаргагч нар маш сайн ойлгоосой гэж хүсэж байна. Сонгуулийн дараа маш олон бичиг баримтыг шинээр дахин боловсруулах шаардлага байхгүй. Бодлого, шийдвэр хангалттай бий. Түүнчлэн олон улсын байгууллага болон манай эрдэм шинжилгээний байгууллагууд маш их судалгаа хийдэг. Тэдгээрийг бүрэн ашиглаж чадахгүй байна.

Нэг жишээ хэлэхэд, Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн “Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ” гэх тайлан дээр бидний хийх ёстой зүйлийг маш тодорхой бичсэн. Бид төмөр зам, авто зам, барилга гээд жижиг зүйлсийг нэг нэгээр нь хийдэг. Хоорондын холбоос ложистик нь байхгүй.

Бидний эхний ээлжид шийдэх асуудал бол дэд бүтэц, ложистик юм. Харамсалтай нь, мөнгөтэй юм чинь гээд маш олон юмыг зэрэг хийх гэж оролддог нь байгалийн баялгийн хараат байдлын сөрөг үр дагавар.

Мөнгөтэй юм чинь шинэ барилга барьчихъя, шинээр төсөл хэрэгжүүлчихье гэж боддог нь алдаа. Мөнгө их байх хамаагүй. Байгаа мөнгөөрөө бид тэргүүн ээлжид юу хийх ёстойг судалгаанууд бүгд хэлээд байгаа юм.

Дараагийн Засгийн газрын шийдэх ёстой маш том нэг асуудал нь Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр. Одоо хийгдэж байгаа ажил нь үйлдвэрийн барилга, дамжуулах хоолой. Гэтэл борлуулалтын асуудалд одоогоор санаа зовж байгаа хүн байхгүй байна. Борлуулалт, тээврийн асуудлаа шийдэхгүй бол үйлдвэр 100 хувь ажиллаж чадахгүй. Төмөр зам нь гацаатай, хүлээгээд зогсдог бол энэ үйлдвэр хэвийн явж чадахгүй.

Мөн эрчим хүчний асуудал чухал. Хэрвээ тэнд цахилгаан нэг л удаа тасарвал маш их алдагдал гарна. Үйлдвэр жилдээ хоёр удаа доголдол гараад зогсвол төсөл үр ашиггүй болно.

Тэгэхээр аливаа төслүүдийг том дүр зургаар харж, Засгийн Газар бодлогоо иж бүрнээр нь харах чадвар маш чухал. Иж бүрнээрээ ложистик болж чадахгүй байгаа алдааг битгий давтаасай гэж хүсэж байна.

Манай улсын эдийн засаг хоёр жил дараалан өссөн, экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрчихлээ. Гэхдээ энэ оргил дээр удаан тогтдоггүй. Монгол Улсын эдийн засгийн онцлог энэ. Түүхий эдээс хэт хамааралтай бүтэцтэй.

Хятадын коксжих нүүрсний үнэ өндөр байх эсэх нь биднээс хамаарахгүй. Гадна талдаа тогтворгүй болж байгаа гэдэг дохио одоо өгөөд эхэлчихсэн. Ингэхээр ирэх оны төсвөө 2-3 хувилбартай хэлэлцэх ёстой. Ингэвэл дахин дахин тодотгол хийгээд байх шаардлагагүй.

“ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, ОРЛОГО ЗАРЛАГАА ТАНАХ НӨХЦӨЛ ҮҮСНЭ”

Эдийн засаг Б.ЛАКШМИ:

-БНХАУ-ын эдийн засаг энэ жил 5 хувь өснө гэсэн таамаг бий ч дөрөвдүгээр сард гаргасан эдийн засгийн прогнозуудыг харахад, БНХАУ-ын эдийн засаг өсөхгүй, таван хувьдаа хүрэхгүй гэсэн таамаг гарчээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд бууруулсан байна. Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг 4.1 хувьтай өснө гэсэн. Дэлхийн банк 4.8 хувьтай гэсэн дүнгүүдийг танилцуулсан.

Жилийн эхэнд 6-7 хувь өснө гэсэн таамаг байсан ч бодит нөхцөл байдал дээрээ бууруулах чиг хандлага гарч ирсэн байна. Иймд хоёрдугаар хагаст илүү буурах төлөв ажиглагдаж байна. Намраас төсвийн тодотгол хийгдэх нөхцөл үүснэ гэж эдийн засагчид харж байна. Учир нь эдийн засгийн өсөлт хангалттай биш, төсвийн орлого бүрэлдэхгүй. Тиймээс төсвийн тодотгол хийж орлого, зарлагаа танах нөхцөл үүснэ гэж бодож байна.

Сонгуулийн өмнө зах зээл рүү их хэмжээний бүлэгт чиглэсэн зээлүүд гаргаж байна. Энэ нь мөнгөний ханшийг сулруулж болзошгүй. Сонгуультай жилүүдэд 8-10 хувиар ханш унадаг. Энэ жил үүнээс ч их хэмжээгээр төгрөгийн ханш сулрах байх гэж тооцож байна.

“ДЭД БҮТЦИЙН ХҮРТЭЭМЖ МУУ ХЭВЭЭР БАЙГАА ТУЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРУУЛЖ ИРЭХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА”

“Римакс Монголиа” группийн захирал Б.БҮЖИНЛХАМ: 

-Үл хөдлөхийн салбарт эдийн засгийн 6-7 хувийн өсөлтөө дагаад, 15 хувийн өсөлт гарахаар байна. Орон сууцны эрэлт нэмэгдэж байна. Гэвч дэд бүтцийн хүртээмж муу хэвээр байна. Энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх шаардлага тулгарч байна.

 

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу