91 настай Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс хос алтан медаль хүртээд буй билээ. Түүнтэй тэмцээнд явахаас нь өмнө, бэлтгэлийнх нь үеэр ярилцсанаа сэргээн нийтэлж байна.

Үдийн халуун нарнаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэлийн хувцастай ганц хүн гүйж харагдана. Цааш явахдаа хурдтай гүйж, буцахдаа тайван гэгч нь алхаж байв. Энэ хүн бол хөнгөн атлетикийн Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд 91 нас хүрчээ.

2019 онд 85 насандаа ахмад мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, 400 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан тэрбээр энэ жил дахин дэлхийн рекорд тогтоохоор бэлтгэлдээ гараад буй нь энэ юм. Эрхэм хүмүүнтэй ярилцсанаа уншигч танаа толилуулъя. 

“ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ТАНАКА ХИРОГИЙН АМЖИЛТЫГ САЯХАН
ГУРВАН ТӨРӨЛД  ЭВДСЭН”

-Та бэлтгэлээ ганцаараа хийдэг юм уу?

Уг нь дөрвөн хүнтэй хамт бэлтгэл хийдэг юм. Дөрвүүлээ өнөөдөр ажилтай гээд ирсэнгүй. Ирэх наймдугаар сард Швейцарт болох мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100, 200, 400, 800, 1500 метр, гурвын харайлттай гүйлт гээд, нийт зургаан төрөлд оролцохоор бэлтгэл хийж байна. 

-Та дэлхийн рекордыг дахин эвдэхийг зорьжээ. Швейцарт болох тэмцээнд хүчтэй өрсөлдөгч байгаа юу?

-Нэг түүх хуваалцъя. Би нэг удаа Японы Нара хотод тэмцээнд оролцох үеэр Танака Хиро гэж тамирчинтай уралдсан юм. Эхлээд 100 метрт уралдаад ялагдсан. 200 метрт уралдаад бас л хожигдчихлоо. Хоёуланд нь 0.2 дойлоор хоцорч барианд орсон юм. Тэр үед хоёр жил тууштай бэлтгэл хийж байгаад түүнийг ялна гэж өөртөө зорилго тавьсан. Тэгээд хоёр жилийн дараа Польш улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн. Тэр тэмцээнээс эхлээд Танакаг ялж эхэлсэн дээ.

Танака 90 насандаа дээд амжилт тогтоосон гэсэн. Тэр амжилтыг нь би саяхан Финландад тэмцээнд оролцохдоо гурван төрөлд гурвууланд нь эвдчихээд ирсэн. Цаашид Англи, Америк, Японы хүчтэй өрсөлдөгч гарч ирэх биз. Гэхдээ би 90 гаруй насалсан олон хүнтэй уралдсаар ирлээ.

Австралид 80 настай нэг өвгөн байдаг юм. Тэр ч юм болохгүй юм билээ. Финландад гурван өвгөн бий. Тэр гурав ч бас надад нэг их онц өрсөлдөгч байгаагүй. Одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч маань Танака Хиро юм даа.

“ЕР ГАРУЙ НАСАЛСАН ГЭХЭД ШҮДНЭЭС АГТ АРАА Л УНАСАН,
БУСДААР ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙНА”

-Та “Нас бол тоо” гэдэг үгийн бодит жишээ болж, олон хүнд үлгэрлэж яваа хүн. Эмнэлэгт хэвтэж, эм ууж бараг үзээгүй гэсэн, үнэн үү?

-Би барагтаа л эм уудаггүй. Ханиад хүрэх, толгой өвдөх гэх мэтээр хөнгөн өвдөхдөө ганц, хоёр удаа эм уусан. Түрүү булчирхайны хагалгаа хийлгэх гэж ганц удаа эмнэлэгт хэвтэж байсан. Бусдаар огт өвчин хэлж байгаагүй. 90 нас хүрчихсэн гэхэд шүднээс агт араа л унасан. Бусад нь хэвээрээ байна. 

Хүн ямар орчинд, хэрхэн өсөж, хүмүүжсэн бэ гэдгээс их зүйл шалтгаална. Ижий, аав маань намайг сайн арчилж, халамжилж, хүмүүжүүлсэн. Би ч өөрийнхөө биеийг зөв авч явж байна. Өдий наслахдаа би архи, тамхи хэрэглэж үзээгүй. Элдэв хэрэг төвөгт орооцолдож байсангүй. 

Хөлсөө гаргах нь хүний биед маш сайн. Биеийн хорыг гадагшлуулж, өөх шатааж байдаг юм. Хэр хэмжээгээр хөлс гаргана, төдийчинээ эрүүл байна гэсэн үг. 

-Монголд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-76.7 байдаг бол эрэгтэйчүүдийнх 60.7-67.3 гэх тооцолол бий. Үүнд юу нөлөөлдөг юм бол. Урт наслахад юу чухал вэ?

-Улиралтай их холбоотой. Тухайлбал, Японд жилийн турш дулаахан, зунаараа байдаг. Харин манай улсад өвөл нь хүйтэн, хавар шороо, тоос ихтэй. Намар нь зэврүүн, хөнгөн хувцастай явахаар даардаг шүү дээ. Үүнээс болоод манай монголчууд биеэ дайчилж, хөдөлгөөн хийх нь бага байна. Гүйдэг над мэтийн хүмүүс хүйтэн байсан ч дулаан хувцаслаж байгаад гүйчихнэ. Уг нь ингэж биеэ дайчилж байвал эрүүл чийрэг байна. 

-Амьдралын тань хэв маягийг олон хүн сонирхдог байх. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Би өглөөд 04.00 цагт сэрдэг. Босоод нүүр гараа угааж, ойр зуурын юмаа бэлдсээр, 05.30 цагийн үед гэрээсээ гардаг юм. Туул голын далан дээгүүр 3 км орчим газар гүйнэ. Ингээд 10.00 цагийн үед гэртээ ирж, өглөөний цайгаа уучихаад, амарна. Өдөр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж бэлтгэлээ хийдэг. 200 метр, 100 метр, 60 метр зэрэгт тус бүр 10 удаа хурд хийдэг. Нэг талдаа хурд хийгээд, буцахдаа алхаж, биеэ амраадаг юм. Ингэж өөрийгөө дайчлах хэрэгтэй. Нэг удаа 100 метрт хурд хийчихээд, ядарч байна гээд суучихвал амжилтад хүрэхгүй.

-Хоолондоо анхаардаг уу?

-Хоол огт голдоггүй. Өөх, мах хамаагүй иднэ. Идсэнээ өглөө, өдөр нь гүйгээд шингээчихэж байгаа юм. Идчихээд хөдөлгөөн хийхгүй хэвтээд байвал тэр нь өөх болж хувирна шүү дээ.

Би орой 19.00 цагаас хойш юм иддэггүй. Унтахынхаа өмнө 8 кг-ын жинтэй хоёр гантел өргөж, бага зэрэг хүчний дасгал хийдэг. 

-Та бүжиглэдэг байсан юм билээ. Одоо бүжиглэж байна уу?

-Би бүжигт их дуртай. Даанч бэлтгэл, уралдаан тэмцээн гэсээр завгүй болж, 2019 оноос бүжгээ орхисон. Гадаад руу тэмцээн, уралдаанд их явдаг болсон учраас бүжиглэх зав байхгүй болчихсон юм. Гэхдээ хөл таарах хүнтэйгээ сайн бүжиглэдэг хэвээр. Муу бүжигчнийг голно шүү дээ. Бүжгийн хоёр, гурван ч медаль бий. 

“ТОЛГОЙ ӨВДӨХГҮЙГЭЭР 95 НАСАЛЧИХ БАЙХ, 100 ХҮРТЛЭЭ ГҮЙНЭ”

-Танаас үлгэр дуурайлал авч, гүйж хэвшихийг хүссэн олон хүн байдаг байх. Тэдэнд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Би гүймээр байна, та аргаа зааж өгөөч” гэж олон хүн асуудаг. Огт гүйдэггүй бол алхах хэрэгтэй. Эхэндээ 100 метр газар хурдан алхаад, дараагийн 100 метрт нь зөөлөн яв. Ийм байдлаар ээлжлээд хөнгөн алхаад л бай. Сарын дараа бие нь хөнгөрөөд, шогшдог болно. Тэр үед 100 метр шогшоод, 100 метр зөөлөн алх. Үүнийг бас л ээлжилж хийгээд бай. Ингэж тууштай хийж, биеэ дасгавал төд удалгүй гүйдэг болно. 

-Та хэдэн насны хүмүүстэй бэлтгэл хийж байна вэ. Нас ойролцоо хүн бий юу?

-Бэлтгэл хийдэг хүмүүсээсээ хамгийн ахмад нь би. Одоо ч миний найз нөхөд байхгүй болох тийшээ хандаж дээ. Надтай хамт Биеийн тамирын дээд сургууль төгссөн нөхдөөс Лувсандорж гээд нэг хүн байсан юм. Хөөрхий, саяхан нас барчихсан. Бусдынх нь сургийг гаргахаар тэнгэрт дэвшчихсэн л гэх юм. Ийм мэдээ сонсох их хэцүү.

-Та цаашид ямар зорилго тавьж, юу хийхээр зорьж байна вэ?

-Надад бичиж, тэмдэглэсэн зүйл цөөнгүй бий. Бодож яваа зүйл ч их байна. Тэдгээрийг цаасан дээр буулгаж, амьдралынхаа түүхийг бичнэ гэж бодож явна. Тамирчныхаа хувьд, амьд явбал зуу нас хүртлээ гүйнэ гэж бодож байна. 95 нас бол энүүхэнд, толгой өвдөхгүйгээр хүрчих байх.

Ирэх наймдугаар сард болох мастеруудын Дэлхийн аваргад шинэ амжилт гаргахыг хичээнэ. 95 насандаа ч мөн энэ тэмцээнд өрсөлдөнө гэж бодож байна. Үүнээс гадна 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилготой.

-Танд амжилт хүсье.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

Х.ТҮШИГ

4 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу