ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ Америкийн тагнуулын ажилтан асан, НҮБ-ын байцаагч асан Скотт Риттерийг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF)-д оролцуулахаас татгалзсан нь тус улс ‘цагдаа улс’ болсныг дахин нотолж байна” гэж мэдэгджээ.

Оросын Гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал дээр “Өөрсдийгөө дэлхийн ардчиллын удирдагч гэдэг АНУ хэдийнэ “цагдаа улс” болсныг нотлох бас нэг жишээ энэ” гэж хэлсэн байна.

Лавров “Москва энэ чиглэлээр ямар нэг зүйл хийж чадах уу” гэсэн асуултад хариулахдаа “Риттер ОХУ-ын иргэн биш бөгөөд иргэншил хүсээгүй. Тиймээс хууль зүйн үүднээс юу ч хийж чадахгүй” гэж тэмдэглэжээ.

Мөн Риттер Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөнтэй холбогдуулан шүүхэд хандах бодолтой байгааг тэмдэглээд, “Тэр хүссэн улс руугаа зорчих эрхээ үргэлжлүүлэн эдлэх боломжийг эрэлхийлнэ” гэж мэдэгдсэнийг онцолсон байна.

ОХУ-ыг зорих гэж байсан онгоцноос Риттерээс гадна АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Эндрю Наполитаног буулгажээ.

Скотт Риттер нь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын тагнуулын ажилтан асан бөгөөд хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт зэвсгийн хяналтын гэрээг хэрэгжүүлж, “Цөлийн шуурга” ажиллагааны үеэр Персийн булан, мөн Иракт цөмийн зэвсэг хураах ажлыг удирдаж байсан аж.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу