Вашингтоны засаг захиргаа цэргийн сургагч багш, цэргүүдээ Украин руу илгээх бодолгүй байгаа ажээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан өнгөрсөн Мягмар гарагт мэдэгдсэн байна.

“АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн цэргийн сургагч багш нарыг Украин руу илгээх боломжийг авч үзэхэд бэлэн үү” гэсэн асуултад тэрбээр “Бид олон удаа мэдэгдэж байсанчлан Украин руу украинчуудыг сургах зорилгоор цэргийн зөвлөх, цэргийн албан хаагчид, сургагч багш нараа илгээх бодолгүй байна” гэж хэлжээ.

Салливан Франц руу ниссэн Америкийн удирдагчийн онгоцонд сууж явсан бөгөөд “Холбоотнууд Нормандид газардсаны дараа 80 жилийн ойн дурсгалын арга хэмжээнд оролцож, мөн Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах бодолтой байна” гэж мэдээлсэн байна.

Тэрбээр “АНУ Германд сургуулилт хийх чухал дэд бүтцийг байгуулж, олон мянган украин цэргийг барууны орнуудад үйлдвэрлэсэн техник хэрэгслийг ашиглахад сургасан.

Бидний явуулж буй бүх сургалт манай холбоотнууд болон түншүүдтэй маш нягт уялдаатай явагдаж байна. Мөн бид Украины гадна буй олон мянган украиныг  сургасан, цаашид ч сургасаар байх болно” гэж хэлжээ.

“RFI” радио станц энэ сарын 3-нд “Макрон зургаадугаар сарын 6-нд Францын цэргийн сургагч багш нарыг Украин руу илгээхээ зарлаж магадгүй” гэж мэдээлсэн байна. “Le Monde” сонин өмнө нь Макрон Европын холбоонд эвсэл байгуулж, Украин руу сургагч багш нараа илгээхийг хүсэж байна” гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Украинд гадаадын цэргийн ангиуд орж ирвэл нөхөж баршгүй их сөрөг үр дагавар дагуулах болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: XINHUA, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу