Орос-Украины дайн 831 дэх өдрөө үргэлжилж буй ажээ. Үүнтэй холбоотойгоор өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг “Al Jazeera” тоймлосныг хүргэж байна.

Тэмцэл үргэлжилсээр байна

  • Оросын талаас Украины төв Днепр хот руу пуужин харвасны улмаас найман хүн шархадсаны дотор нэг сартай хүүхэд байгаа аж.
  • Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак “АНУ Киевд ОХУ-д цохилт өгөхийн тулд барууны зэвсгийг ашиглахыг зөвшөөрсөн. АНУ-ын энэ алхам хил орчмын бүс нутагт Оросын хүчийг сулруулж, Украинд газар нутгаа илүү сайн хамгаалах боломж олгох ‘амин чухал шийдвэр’ юм” гэж мэдэгджээ.

Улс төр ба дипломат ёс

  • АНУ-ын Сангийн яамны өндөр албан тушаалтан “АНУ болон “Их 7”-гийн бүлгийн түншүүд Оросын 300 тэрбум ам.долларын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд нэн шаардлагатай санхүүжилтийг олгох арга замыг хайж олоход ахиц дэвшил гаргаж байна” гэж мэдэгджээ. Цагаан ордон “Зургаадугаар сарын 13, 14-нд Италид болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна.
  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Ажлын алба “Төрийн тэргүүн Парист, ирэх Баасан гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийнэ” гэж мэдэгдэв. Энэ үеэр Украин дахь “нөхцөл байдал”-ын талаар хэлэлцэхийн зэрэгцээ Зеленский Францын Үндэсний Ассамблейд үг хэлэх аж.
  • Финлянд улстай хиллэдэг хойд Карелийн муж дахь Оросын цэргийн шүүх нэг хүнд 14 жилийн хорих ял оноожээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, түүнийг Украины захиалгаар төмөр замын суурь бүтцийг галдан шатааж, эх орноосоо урвасан гэмт хэрэг үйлдсэн гэж бурутгажээ. Тухайн хүн ​​нэр тодорхой байгаа аж.
  • Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Швейцарт зургаадугаар сарын 15, 16-нд болох Украины энх тайвны бага хурал утгагүй зүйл юм” гэж мэдэгдэв. Швейцар улс тус бага хуралд 80 гаруй төлөөлөгч оролцохоор болсныг баталгаажуулснаа мэдэгдсэн байна. “Украины нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг эзэлсэн учраас яриа хэлэлцээг эхлүүлэх ёстой” гэж үзэж байгаа Оросыг энэхүү хуралд уриагүй. Хятад улс тус хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн билээ.

Зэр зэвсэг

  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Украины цэргүүдийг сургаж байгаа Францын цэргийн сургагч багш нар Оросын довтолгооны “бай” болно. Францад одоогоор Украин дахь Украины хүчинд тусалж, сургаж байгаа цэргийн албан хаагчид байхгүй ч Киев өнгөрсөн долоо хоногт “Паристай энэ асуудлаар ярилцаж байна” гэж мэдэгджээ.
  • Украины авлигатай тэмцэх газраас “Украины төрийн өмчит, батлан ​​хамгаалахын компани болох “Укрспецэкспорт” компанийн захирал асан 2016 онд зэвсгийн импортыг хариуцаж байхдаа онгоцны эд ангиудыг долоо дахин өсгөсөн үнээр худалдаж авахаар тохиролцсон хэргээр шүүгдэж байна” гэж мэдэгдсэн аж. Тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо (NABU) тухайн этгээдийн нэрийг зарлаагүй байна.

Эх сурвалж: AL JAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу