УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн, 2024 оны долдугаар сарын 1-нийг хүртэл чуулганыг нэг сарын хугацаатай түр завсарлуулах захирамж гарсныг мэдэгдлээ. УИХ-ын сонгуулийн жилд чуулганыг нэг сарын хугацаатай завсарлуулж болно гэж заасан билээ. УИХ-ын чуулганы түр завсарлуулж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

“ИЛҮҮ ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЭЛТЭЙ, НИЙГМИЙН СЕГМЕНТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАЖ ЧАДАХ ТУЙЛЫН ЧУХАЛ БАЙСАН”

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Сүүлийн гурван жил амаргүй байв. Та бүхний дэмжлэг байгаагүй бол би юу ч хийж чадахгүй байсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ парламент тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, олон чухал хуулийг баталсан. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Бүгдээрээ шударга, сайхан өрсөлдье.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүйгээ мэдэгдэн, ёс зүйн манлайлал үзүүлсэн УИХ-ын гишүүдийг онцолмоор байна. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нарын гишүүд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүйгээ мэдэгдэж, үе солигдох процессыг хурдлуулсан гэв.

Та бүхэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлд хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Энэ УИХ маш онцлогтой УИХ байлаа. Ерөнхий сайдаар томилогдох үед танхим хуралдаж чадахгүй байсан цаг хугацаа.

Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4.7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан цаг хугацаа. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан.

Парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давсан. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг цуцалж, олон нийтийн олон үйл ажиллагаа нээгдэж байсан.

Азидаа цар тахлыг давсан анхны улс боллоо гээд уулзаж байсан. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 24-нд Орос, Украины дайн эхэлсэн. Наранцэцгийн тосноос эхлээд нефть шатахууны тасалдал бий болсон. Засгийн газраас УИХ-д Үнэ тогтворжуулах хөтөлбөр оруулж ирсэн. Ингэснээр шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан.

Боомтуудаа нээх, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах. Валютын нөөц хүнд болсон байсан, Оюутолгойн гүний уурхайг эхлүүлэх, хуримтлагдсан өрийг цуцлах, гацсан төслөө урагшлуулснаар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарсан.

Олон жил бугширсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх, олон бугширсан асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил тод болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан.

Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод, гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан. Гэсэн ч илүү олон ургальч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах туйлын чухал байсан.

Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.

Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Төрийн захиргааны байгууллага 700 га-д байдаг биш, илүү олон тулгууртай, төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө манлайлж нүүх боломжийг та бүхэн бүрдүүлж чадлаа.

Дэмжиж ажилласан парламентын гишүүддээ Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

“ГЭРЭЭНД ИХ БАГТААМЖИЙН 606 АВТОБУСНЫ ТООГ 600 БОЛГОЖ, ҮНЭД НЬ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ” 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Улмаар Хянан шалгах түр хороог татан буулгасанд тооцож, нотлох баримтуудыг холбогдох байгууллагад шилжүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: 

-Нийт 20 гаруй байгууллагад хандаж, 6729 хуудас нотлох баримт бүрдүүлж ажилласан. Гишүүд 81.8 хувийн ирцтэй оролцсон. Гэрээнд их багтаамжийн 606 автобусны тоог 600 болгож, гэрээний үнэд өөрчлөлт оруулаагүй, хөдөлгүүрийн багтаамж нь бас өөрчлөгдсөн. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байна.

“Голомт” банк Банкны тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн, гуравдагч этгээдэд баталгаа гаргасан байсан. Улсын төсвөөс 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах 272.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны есдүгээр сарын 29-ны хооронд таван удаагийн санхүүжилтээр “Тэнүүн-Огоо” ХХК-д нийт 134.5. төгрөг шилжүүлсэн. Энэ нь 2023 онд ногдох нийт санхүүжилтийн 49.4 хувийг эзэлж байна.

“Тэнүүн-Огоо” ХХК БНСУ-ын компанид 21 сая ам.доллар, ачаа тээврийн компанид 838.200 ам.доллар, Хятадын цахилгаан автобусны компанид 62 сая юань, автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 882.992 юань буюу нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон.

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМААР ЖОРОО МОРЬ НЬ ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН
УЯАЧИД ЦОЛ, ЧИМЭГ ОЛГОХ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

УИХ-ын хаврын чуулганы отгон нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Тус хууль батлагдсанаар Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдаанд хурдан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгохоор боллоо. Тодруулбал: 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд дараах асуудлыг зохицуулсан байдаг. Үүнд:

  • 10.4. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд:

-морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач,

-морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач,

-морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.

  • 10.5. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
  • 10.6. Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу