Тяньжин боомтод жилийн өмнө Монгол руу ачигдах чингэлгүүд овоорч, араасаа хэл ам дагуулж, хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцэн байж, өндрөө авсан тээвэр ложистикийн асуудлыг намжааж байв.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар Тяньжинд чингэлгүүд 50-60 хоног саатаж, 500-1000 ам.долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг асуудал үүссэн. Ковидын үед Тяньжинд Монгол руу ачигдах 9000-аад чингэлэг “бөөгнөрч” байсан билээ.

Авлига өгвөл ачаагаа нэг хоногт авдаг, албан журмаараа явбал 60 хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөж, хангамжид нөлөөлж, Монгол Улс, бизнес эрхлэгчид хохирч байв.

Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар байхад Монголын компаниуд 300 ам.доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 ам.доллар төлж байсан.

Өнөөдөр түүнээс ч долоон дор нөхцөл байдал үүсч, Тяньжинд Монгол руу ачигдах 7000 орчим чингэлэг бөөгнөрч, асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол чингэлгүүдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Энэ хэрээр Монгол Улс, бизнес эрхлэгчид, иргэд хохирох нь.

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Г.Ундармаагийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд 5450 орчим чингэлэг Монгол руу ачигдахаар хүлээгдэж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд БНХАУ-аас Монгол руу импортын чиглэлтэй нийт 27 галт тэрэг гарсан байна. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар Тяньжин дээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж буй бөгөөд дунджаар 80-90 хоногийн дараа ачигдаж буй мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Тээвэр зуучлалын, ложистикийн бусад компаниудын мэдээлж буйгаар, энэ тоо 7000 орчимд хүрсэн нь бодит мэдээлэл аж.

Эрээнээс нааш хэвийн тохиолдолд ачаа тээврүүд гурван өдөрт гардаг байсан бол өдгөө ес, арав, түүнээс ч дээш хонож гардаг болжээ. Монгол руу гарч байгаа галт тэрэгний тоо багасч, өнжөөд нэг гарч буй юм байна.

Нийт 50 чингэлэг нэг галт тэргэнд ачигддаг гээд бодохоор бөөгнөрсөн 7000 орчим чингэлгийг хэзээ татаж дуусахыг таашгүй юм. Энэ ондоо ч татаж дуусахгүй байх магадлалтайг шинжээчид өгүүлж байна.

Бөөгнөрөл үүссэн шалтгаан, түүнээс гарах гарц бий юү?

Тяньжин боомтод гуравдугаар сарын эхээр орж ирсэн чингэлгүүд ийнхүү бөөгнөрсөн бөгөөд ачаа тээврийн урсгал хэзээ сайжрах нь тодорхойгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэвийн үед өдөрт 1.5-2 цуваа галт тэрэг Монгол руу гардаг байсан бол тавдугаар сард өдөрт дунджаар нэг цуваа гарсан нь чингэлгийн бөөгнөрөл үүсэх гол шалтгаан болжээ. Мөн иений ханшийн уналтыг даган хуучин автомашины импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Чингэлэгтэй ачаанд түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүд, эм эмнэлгийн хэрэгслүүдээс эхлээд нэн яаралтай татаж авах шаардлагатайтай бараа, бүтээгдэхүүнүүд бий юм.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гишүүн байгууллагууд (77 компани)-аасаа чингэлгүүдийн жагсаалтыг гаргуулан авч, шуурхай татах хэрэгцээтэй чингэлгүүдийг Гадаад харилцааны яамаараа дамжуулан Хятадын талд илгээжээ. БНХАУ-ын Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр, Хятадын талаас ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн байна.

Чингэлгийн бөөгнөрөлтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл ч юм уу, зарим ачаа тээвэр горим сольж орж ирж байгаа тул Замын-Үүд дээр нэмэлт гаалийн хяналтын талбай гаргаж өгөх саналыг холбогдох байгууллагууд руу илгээжээ. Энд дурдахад, Тяньжинаас голдуу автомашинууд гаалийн горим сольж орж ирж буй аж.

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ээс мэдээлснээр, Тяньжинаас Эрээн хүртэлх ачаа тээврийн галт тэргийг Хятадын тал хариуцдаг байна. Өнгөрсөн тавдугаар сард Тяньжинаас Эрээн рүү явах галт тэрэгний тоо багасч, чингэлгийн бөөгнөрөл үүссэн шалтгаан тодорхойгүй аж.

Тус нийгэмлэг Тяньжинаас Эрээн рүү чингэлгүүдээ яаралтай татан авах саналыг Хятадын төмөр замд удаа дараа тавьж, хүсэлт илгээсний хариуд “Зургадугаар сард хэвийн горимоор буюу хоногт 1-2 галт тэрэг Монгол руу аялуулахаа мэдэгджээ.

Тяньжин боомтын транзит чингэлэг тээврийн хүлээлгийн хугацаа 70-80 хоног, түүнээс ч дээш байж болох бөгөөд зургаадугаар сард нөхцөл байдал хэвээр үргэлжлэх төлөвтэй байгааг зарим компаниас харилцагчдадаа анхааруулжээ.

Хүлээлгийн хугацаа уртсах тусам тээврийн зардал өсөх өндөр эрсдэл дагуулж буй. Шинжээч нарын үзэж буйгаар, өнөөдрийн байдлаар чингэлгийн бөөгнөрлийг бууруулах хамгийн оновчтой арга хэмжээ нь авто тээвэр болоод байгаа аж.

Чингэлэгтэй ачаа бараагаа хүлээж буй захиалагчдын мэдээлснээр, нэг чингэлэг ачааг 3300, 3400 ам.доллараар тээвэрлэдэг байна. . Хэрэв хурдан татуулбал 4100 ам.доллар, яаралтай бол 5000 ам.доллар гэсэн үнийг тээвэр зуучийн газраас санал болгодог байна. Хэрэв яаралтайгаар буюу 14 хоногт ачаагаа авах тохиолдолд 5200 ам.доллар төлөх шаардлагатай болж байгаа ажээ.

Зам тээврийн яамнаас мэдээлснээр, Монгол Улсад олон улсын тээвэр хийх тусгай зөвшөөрөлтэй нийт 120 компани бүртгэлтэй байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу