Бид нэгэндээ тэр болгон хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ фэйсбүүк, инстаграмын “Мүмү” хэмээх хуудсын постоор дамжуулан хуваалцах боломжтой байдаг. Энэ боломжийг олгодог тус анимейшн, постыг бүтээгч, залуу уран бүтээлч, аниматор Г.Алтаншагайтай уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр ирээдүйд Японы зах зээлд өөрийн гэсэн хүүхэлдэйн киногоо гаргах мөрөөдөл тээж яваа нэгэн юм. 

-Та хаана, ямар сургууль дүүргэсэн бэ?

-Би 2017 онд нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн. Дараа ньг нэг жилийн хугацаатай цэрэгт явж ирээд, Онцгой байдлын газарт дахин нэг жилийн хугацаатай гал сөнөөгч хийсэн. Үргэлжлүүлээд их сургуульд сурахаар шийдээд, Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр суралцсан.

-Хэзээнээс Мүмү зурах болсон бэ?

-Багадаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Хичээл орж байхад ч гэсэн хичээлээ хийхгүй зураг зураад суугаад байдаг байсан. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдээс гоё зурдаггүй, Мүмү үхэр гээд жижигхэн зүйл л зурдаг байсан. Тэгж зурсаар байгаад л Мүмү зурдаг болсон. 

-Мүмү үхрийн нэрийн талаар тайлбарлахгүй юу? Яагаад ийм нэр өгөх болсон юм бэ?

-Намайг бага байхад “Мост” сэтгүүл гээд Монголын анхны манга сэтгүүл байсан юм. Тэнд нэг үхэр байдаг байсан. Тэрнээс харж байгаад сэдэвлэж зурсан. Үхрээс Мү гээд авиа гардаг. Тэр авиаг нь бодож байгаад Мүмү гэдэг нэр өгсөн. 

-Одоо Мүмүгийнхээ хөгжүүлэлтийг ямар ямар платформ дээр хийж байна вэ? Хэдэн дагагчтай болсон бэ?

-Фэйсбүүк, инстаграм дээр хийж байна. Фэйсбүүк дээр 86 мянган дагагчтай, Инстаграм дээр 64 мянган дагагчтай болсон. 

-Ажлаа хийхэд хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Хамгийн хэцүү зүйл гэвэл маш удаан суудаг болохоор нуруу их өвддөг. Тэгэхээр сууж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд санаагаа бодно. Өнгө тавилт, арын фон зэргийг гаргаж байж энэхүү постоо бүтэж байна.

-Нэг пост хийхэд хэчнээн хугацаа шаардагддаг вэ?

-Деталиасаа шалтгаалаад янз бүр байдаг. Мүмүгийн хуудас дээр ордог пост хийхэд нэгээс хоёр цагийн хугацаа шаардагддаг. Анимейшн илүү ажиллагаатай байдаг учраас гурваас дөрвөн цаг болно.

Нийтлэлийнхээ санааг хаанаас олдог вэ?

-Санаагаа ширээнийхээ ард бодож сууж байгаад, бүр олдохгүй бол интернэт “ухаж” санаагаа олдог. 

-Санаагаа илэрхийлэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл тань юу вэ?

-Тэр үеийн сэтгэл санааны байдал нөлөөлдөг. Би гадуур сайн ажиллаж чаддаггүй. Тийм болохоор гэртээ хөгжим тавьж сууж байгаад, тайван ажиллах дуртай. 

-Өмнө нь хаана, ямар ажил хийдэг байв?

-Өмнө нь “UB group”-т хоёроос гурван сарын хугацаанд зураачаар ажиллаж байсан. Тэгээд гэрээрээ ажиллая гэж бодоод, захиралд хэлээд, гэрээрээ ажиллаж эхэлсэн.

-Тухайн үеийн Алтаншагай одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Ажлаа хурдан гараас гаргачихдаг болсон. Тэр үед өдөрт ганц пост хийдэг байсан бол одоо тав, зургааг хийчихдэг. 

-Яагаад гэрээрээ ажиллах болсон юм бэ?

-Өглөө босох хэцүү санагддаг байсан. Мөн гадуур явах их дургүй. Учир нь маш их стресстэй санагддаг. Тийм болохоор гэртээ л байх дуртай.

-Хэзээнээс Мүмү постоо хийж эхэлсэн бэ?

-Анх 2021 онд ковидын дараанаас л хийж эхэлсэн. Тэр үед мэдрэмжээ гаргаад, авьяасаа хөгжүүлэх гэж хийсэн.

-Анх Мүмүг зураад, пост хийхэд хүмүүс хэр хүлээж авч байв?

-Анх хүмүүс сайн мэддэггүй байсан. Тэгээд бага багаар хүмүүс хуваалцаад, мэддэг болсон. Хүүхдүүд ихэвчлэн “Таны пост хөөрхөн шүү” гэж чат их бичдэг. Мөн Мүмүг дуурайгаад зурчихсан байдаг.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

-Хамгийн анх олон хүнд танигдсан, сэтгэлд нь тод үлдсэн ямар пост байдаг вэ?

-“Эрхлэгч, эрхлүүлэгч” гээд пост олон хүнд хүрсэн. Хүмүүс тэр постоор Мүмүг их мэдсэн байх.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр-н дүүдл байж магадгүй

-Одоогоор постдоо зориулж хэчнээн дүр бүтээсэн бэ?

-Эхлээд Мүмү байж байгаад, жаахан ганцаардаад байгаа юм шиг санагдаад, Маамуу гээд найз охинтой болгосон. Одоо хоёулангаар нь пост оруулдаг. 

-Одоогоор постдоо өөр дүр нэмнэ гэж бодож байна уу?

-Одоохондоо дүр нэмнэ гэсэн бодол алга байна. Мүмү, Маамуу хоёртойгоо л явна. Яваандаа дүр нэмнэ. Үргэлжлүүлээд хүүхэлдэйн кино хийх учраас мэдээж дүр нэмнэ. Ойр тойрныхоо хүмүүсээс санаа авч, дүрээ гаргадаг. Тийм болохоор үргэлжлүүлж нэлээн хэдэн дүр гаргана гэж бодож байна. 

-Яг аль насныханд зориулж постоо хийдэг вэ?

-Нас харгалзахгүй хийдэг. Хамгийн анх над шиг өөрийгөө илэрхийлэхэд хэцүү хүмүүст зориулж хийдэг байсан. Тэгээд постоороо дамжуулаад илэрхийлчихнэ. Тийм болохоор бүх насныханд л зориулагдсан. 

Японы зах зээлд өөрийн гэсэн хүүхэлдэйн киногОО гаргана

-Цаашдаа ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Энэ жил хүүхэлдэйн кино хийх, Мүмүгийнхээ стикерийг гаргах зорилго тавьчихсан байсан. Хүүхэлдэйн киногоо одоо хийгээд эхэлчихсэн. Биднийг бага байхад гардаг байсан, “Лоолойгийн найзууд” гээд нэвтрүүлгийг хариуцаж найруулдаг “Flash” хамтлагийн Бэбэ ах, Гөлгөн муужгайгийн Төвшөө ах нартайгаа хамтраад хүүхэлдэйн киногоо гаргах гэж байна. Бусад зүйлс нь сюрприз хэвээрээ үлдсэн нь дээр байх.

-Ирээдүйн мөрөөдөл нь юу вэ?

-Японы зах зээлд өөрийн урлагийн бүтээлийг нийлүүлж, өөрийн гэсэн хүүхэлдэйн киногоо гаргах мөрөөдөлтэй. 

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Их даруухан, хүний нүүр лүү эгцэлж харж чаддаггүй хүүхэд байсан. Нүүрэн дээр их батга гардаг байсан. Батганаасаа санаа зовоод, хүний нүүр лүү эгцэлж харж чаддаггүй байсан. Сүүлдээ гайгүй болж эхлээд, өөрийгөө зоригжуулаад, ярьдаг болсон. 

-Анимэ хэр их үздэг байсан бэ?

-Багадаа ахтайгаа анимэ их үздэг байсан. Тухайлбал, Dragon Ball Z, Yu-Gi-Oh гэх зэрэг анимууд үздэг байсан.

-Хамгийн таалагддаг анимэ ямар анимэ байдаг вэ?

-“Курокогийн сагсан бөмбөг” гээд сагсан бөмбөгийн тухай анимэ байсан. Би өөрөө сагс тоглох дуртай. Дээрээс нь энийг үзээд, гэртээ орохгүй, гадуур сагс тоглоод яваад байдаг байсан.

-Монголоос хамгийн их хүндэлж явдаг ямар уран бүтээлч байдаг вэ?

-Олон бий. Тухайлбал, “Гөлгөн муужгай”-гийн Түвшинтөр ах, Сараа анир эгч, Сани ах, “Flash” хамтлагийн дуучин Бэбэ ах гээд зураг зурдаг хүмүүс байна. Мөн “Сонинсайхан” гээд пэйж инстаграмм дээр ажиллуулдаг нэг ах бий. Надад олон зүйл зааж, зөвлөдөг. Надаас өөр олон хүүхдэд зөвлөгөө өгдөг ах юм. 

-Хувь хүн талаасаа ирээдүйд ямар хүн болно гэж боддог вэ?

-Баян ч биш, ядуу ч биш, тайван амьдрахыг хүсдэг. Мөнгөний хойноос хөөцөлдөөд байх утгагүй шүү дээ. Амьдралын утга учир мөнгө биш. Тийм болохоор хайртай хүмүүстэйгээ тайван амьдрахыг л хүсдэг. Одоо миний амьдрал бол гоё байна. Багадаа муур тэжээхийг их хүсдэг байсан. Тийм болохоор одоо мууртайгаа, хайртай хүмүүстэйгээ байгаа учраас амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. 

-Амьтанд хэр хайртай вэ?

-Амьтанд маш их хайртай. Бага байхын л амьтанд дуртай хүүхэд байсан. Манайх анх нэг нохойтой байсан юм. Манай аав, ээж хоёр цэргийн хүмүүс болохоор нэг хэсэг Завханы Тосонцэнгэлд байдаг байсан. Тэгээд хот руу явахаар болоод, нохойгоо үлдээгээд, хотоос ирсэн чинь манай нохой бид хэдийг санаад бэтгэрээд үхчихсэн байсан. Тэрнээс хойш хэцүү байж байгаад гэр бүлээрээ ярилцааад, муур авч тэжээхээр болсон. 

-Цэргийн гэр бүлд өсөх бусад гэр бүлээс юугаараа ялгаатай байдаг вэ?

-Ээж, аав хоёр цэргийн хүн болохоор зарчимч, бүх юм цэвэр цэмцгэр, цаг баримталдаг гэх зэрэг зүйлийг багаас сургаад явчихсан. Тийм болохоор хийх ёстой ажлаа тийм бол “Тийм” гээд, үгүй бол “Үгүй” гээд явчихдаг. 

-Удахгүй Мүмүгийнхээ стикерийг гаргах гэж байгаа юм байна. Энэ талаараа ярихгүй юу?

-“Бороо арт” гээд жил болгон болдог. Энэ жил “Сити тофт” эвенттэй хамтраад, парк дээр наймдугаар сард үйл ажиллагаа нь зохион байгуулагдах гэж байна. Тэгээд Мүмүгийн стикер, футболка зэрэг зүйлс гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Тиймээс та бүхэн Мүмүгийнхээ стикерийг хүрэлцэн ирж аваарай. 

-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Н.УЯНГА 

3 САНАЛ

  1. Би Алтаншагайгийн багш нь бна, үнэхээр ёс суртахууны өндөр мэдрэмжтэй чадварлаг залуу шүү. Амжилт хүсье, удахгүй Японы ТВ-ээр анимы нь үзнэ гдгт огт эргэлзэхгүй бнаа.
    Гайхалтай

  2. Бат-өлзий ах , Амараа эгч хоёр маань байсан бол ямар их баярлаж бахархах байсан бол. Дүүд амжилтын дээдийг eрөөe.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу