Газын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч “CNN” агентлагт “Газын төв хэсэгт байрлах НҮБ-ын харъяа сургууль Израилийн агаарын цохилтод өртөж, амь үрэгдэгсдийн тоо 45-д хүрээд байна” гэж мэдээлжээ.

Газын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас өмнө нь “НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA)-ийн мэдэлд байдаг тус сургуульд агаарын цохилт өгөх үед Нусейрат дүрвэгсдийн хуарангаас ирсэн хүмүүс байрлаж байсан” гэж мэдэгдсэн байна. Израилийн зэвсэгт хүчин “Тус сургууль дотор үйл ажиллагаа явуулж буй ХАМАС бүлэглэлийн байршлыг онилсон” гэж мэдэгджээ.

“Аль-Акса Мартирс” эмнэлгийн удирдлага өмнө нь “Агаарын цохилтын улмаас дор хаяж 39 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсээр байгаа бөгөөд “Гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдэж магадгүй” гэж мэдээлсэн байна.

CNN-д мэдээлснээр, Израиль-Ливаны хил дээр хурцадмал байдал үүсээд байгаа бөгөөд Израилийн хойд хэсэгт болсон халдлагад олон хүн өртсөний хариуцлагыг “Хезболла” хүлээсэн байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хил дээр хурцадмал байдал үүсэх эрсдэл нүүрлэж байгаатай холбогдуулан “Маш их санаа зовж байна” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Хүүхдийн агентлагийн шинэ тайланд “Газын 10 хүүхэд тутмын 9 нь хүнсний хомсдолд нэрвэгдэж, хангалттай хоол хүнс авч чадахгүй байна” гэж дурджээ. НҮБ-ын Хүүхдийн сан “Газын зурваст олон сар дайсагналцал үргэлжилж, хүмүүнлэгийн тусламжийг хязгаарласан нь хоол хүнс, эрүүл мэндийн тогтолцоог сүйрүүлж, хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн гамшигт нэрвэгдэж байна” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN, RNZ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу