Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат дараах байр суурийг илэрхийлээ. 

Тэрбээр “Хэн нэгэн хүнийг хилс хэргээр буруутгаж яллаад эхлэхээрээ ямар нэгэн сошиал хаягаар гэнэт шуугиад эхэлдэг. Ердийн журмаараа өчнөөн л авлигын хэрэг шийдэгдэж байна. Тийм хэргийн тухай хэн ч ярьдаггүй. Сүр дуулиантай хэргээр нийгмийг хооллоод эхлэхээр энэ хэрэг зохиомол болж таарч байгаа юм. 

Сүүлийн долоо хоног УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг том гэмт хэрэг үйлдсэн талаар шуугиад эхэллээ. Үүнээс харахад энэ хэрэг хуулийн хүрээнд зөв шийдэгдэнэ гэхээс илүү улс төрийн захиалгатай юм байна гэж бодогдохоор байна. Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудал хуулийн дагуу явагдана гэхээс илүү улс төрийн захиалгатай тоглоом гэж харж байна. 

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй дөрвөн гишүүнийг шүүх хурал явагдаж байгаа. Тэднийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хэрнэ  Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг яагаад түдгэлзүүлэх гээд байгаа юм.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай байна, энэ хэргийг шалгахад саад учруулаад байна гээд байгааг нь ойлгохгүй байна.

Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ гишүүний мөрдөн шалгах ажиллагаа дуусчихсан юм билээ. Гишүүн өөрөө хэвлэлд ярилцлага өгөхдөө “холбогдсон хэргийг минь шалгаад дуусчихсан, хэрэгтээгээ танилцаад гарын үсгээ зурсан” гэж хэлсэн. Тэгэхээр хэргийг нь аль эрт шалгаж дуусаад, шүүхэд өгчихсөн байна гэсэн үг. Одоо юу шалгах гээд байгаа юм. 

Өчигдөр бас нэг гайхмаар, хууль бус үйл явдал боллоо. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслээд УИХ-ын гишүүдийн саналыг хурааж, нууцаар шийддэг. Түүнээс биш ямар нэгэн намын бүлэг шийдэх хууль байхгүй. Дэд хороо, байнгын хороодын хурлын дундуур яагаад намын бүлэг хуралдаж байгаа юм. 

Ингээд УИХ-ын хуулиа зөрчөөд, намын бүлэг нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ярьж байхыг бодоход ямар нэгэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хүрээний ажил гэхээс илүү улс төрийн захиалгатай ажил хийж байна гэж би шууд хардаж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу