Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа билээ. 

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Яг одоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Тэгэхээр нарийн мэдээлэл өгөх боломж алга. Удахгүй шийдвэр нь гарах байх. Гэхдээ манай намын бүлгийн зүгээс энэ асуудлыг нээлттэй явуулах саналтай байгаагаа илэрхийлээд гарч ирлээ. Ард түмнээс нуух шаардлага байхгүй. Бүхий л тайлбар мэдээллүүдээ ард түмэнд үнэн зөвөөр нээлттэй ярилцмаар байна. Гэтэл УИХ-ын дэгийн дагуу хаалттай явуулахаас өөр аргагүй гэдэг тайлбарыг хэлж байна. 

Хэдэн сарын өмнө нүүрсний хулгайн асуудал 40 их наядаар хэмжигдэх том хэрэг гарч ирсэн. Тухайн үед нэг хүнд бараг 100 сая төгрөг ногдож байна гэж ярьж байсан. Гэтэл одоо орж ирж байгаа энэ асуудлыг харахаар зарим гишүүдэд 60 сая төгрөгийн авлигын хэрэг, татвараа төлөөд нэг машинаа урдуур нь оруулсан хэрэг, зарим нэг нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчийн асуудлыг ярьж байна. Эдгээрийг нийлүүлээд үзэхээр 40 их наяд төгрөгөөс хэдэн мянга дахин бага мөнгөн дүн гарч ирнэ. Хуулийн байгууллагаас тавьж байгаа асуудалд мөнгөний их, бага хамаагүй л дээ. Гэхдээ оффтейк гэрээнүүд гээд хэдэн арван тэрбумаар ярьж байсан хэргүүд хааччихав. 

Улс төрчдөд олон нийтийн санаа бодол гэдэг зүйл байх ёстой болохоос хууль шүүхийн байгууллага олон нийтийн санаа бодолд тааруулж болохгүй. Олон нийт дургүйцэж байгаа учраас хэргийг яаралтай шийдье, яаралтай нэр бүхий хүмүүсийг зарлая гэж хандах нь зүй ёсгүй хэрэг” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу