Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн арав гаруй жилийн хугацаанд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт зэрэг асуудлын хүрээнд төрийн албаны төдийгүй иргэний нийгмийн, хувийн хэвшлийн хүрээнд ахиц дэвшил гарч байгааг Жендэрийн Үндэсний хороо (ЖҮХ)-ны тайлангаас харж болно.
Энэ удаагийн УИХ-ын дараа улс төрийн намын дотоод бүтцийнхээ хүйсийн харьцааг 60/40 болгох үүрэг хүлээж буй. Улмаар хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж ажилласан тайланг дараа оны гуравдугаар сард ЖҮХ-нд өгснөөр Сонгуулийн Ерөнхий хороо түүнд үндэслэн тухайн намд улс төрийн санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхээр хуульд тусгасан.
Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд тогтолцооны шинэчлэлт хийж нэр дэвшигчдийн хүйсийн квотыг 30-40 хувь болгож ахиулсан. Гэтэл улс төрийн намууд тайлан болон амлалтад тусгахдаа эмэгтэй гишүүдийн квотыг 30-40 хувьд хүргэнэ хэмээн оруулдаг ч бодит байдал дээр 20-29 хувьтай нэр дэвшигчдийг баталсан байна.
Жендэрийн үндэсний хорооноос тогтоосон квотыг дөнгөж шүргээд л нэрс өгдөг нь тогтоосон тоо хэмжээнээс илүү гаргахыг хүсэхгүй байгаа мэт харагдаж байгаа юм. Угтаа квотоос илүү хэдэн ч эмэгтэйг нэр дэвшүүлж болно.
“Тэнэгийн дотор уужуу”
2008 оноос хойш УИХ-д 606 гишүүн нэр дэвшсэнээс 24.9 хувь нь эмэгтэй гишүүд байжээ. Квот тогтоож өгөхөөс өмнө 10-ас доош эмэгтэй гишүүд сонгогдсон бол квот тогтоосноос хойш эмэгтэйчүүдийн нэр дэвших эрмэлзэл ихэссэн нь судалгаанаас харагддаг.
Яагаад эмэгтэй гишүүдийг сонгох хэрэгтэй вэ гэдэг асуулт ургана. Эмэгтэйчүүд улс төрд орох шаардлагатай юу гэдэгт маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Асуудлыг олон талаас нь харах, шийдвэрийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх гэх мэт. Эмэгтэй улс төрчид давамгайлдаг улс орнуудын авлигын индекс маш бага байдаг. Мөн жендэрийн тэгш байдлыг хангасан улс орнуудын үзүүлэлтийг харахад эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлын шийдвэрлэлт нь харьцангуй өндөр байдаг аж.
Гэтэл 190 орны парламентаас манай улс хүйсийн тэнцвэрт байдлын үзүүлэлтээр 130 орчимд л эргэлддэг. Үүнээс урагшлах боломж байгаа хэдий ч нам эвслүүд болон сонгогчид нэг л эмэгтэй гишүүдэд итгэж өгөхгүй байгаа бололтой. Нэр дэвших хангалттай боловсролтой эмэгтэйчүүд байгаа хэдий ч тэр бүр улс төрд ороод санасандаа хүртэл ажиллах нь ч хомс байдаг аж. Эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүү ажиллах сонирхолтой байдаг нь үүнээс харагдаж байгаа юм.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн хуваарь эн тэнцүү байснаар тухайн гэр бүлийн  амьжиргаа, уур амьсгал тогтвортой, урт удаан үргэлжилдэг. Түүнтэй адил шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцсоноор нийгмийн асуудлыг илүү оновчтой шийдвэрлэхэд дөхөм болох юм.
Адаглаад л хүүхдийнх нь хоол хүнсний шим тэжээлийн тэнцвэрт байдал алдагдаад байгаа асуудлыг ээж нь гаргаж ирнэ үү гэхээс аав нар тэр бүр хоолонд оролцоод байдаггүй учраас төдийлөн мэддэггүй. Явган хүний зам, дугуйн замын асуудлыг эрчүүд хөндлөө гэхэд эмэгтэйчүүд хүүхдийн тэрэгтэй явах орчин, хүүхдээ салхилуулах орчин, хоол хүнсний асуудлыг олж хардаг.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа
Гэтэл ард иргэд хүүхдийн хүчирхийлэл гараад байхад эмэгтэй гишүүд хаана байсан юм бэ гэлцдэг. Хүчирхийлэл зөвхөн эмэгтэй гишүүдэд хамаатай биш шүү дээ. Эрэгтэйчүүд ч бас хамаатай, гэр бүлийн хүчирхийлэгчийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Угтаа эрчүүдийг соён гэгээрүүлэх, эрүүлжүүлэх ажлыг яагаад эрэгтэй гишүүд гүйцэтгэхгүй байна вэ.
Ард иргэдийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, улс төрийн намууд чиглэж ажиллахаас илүүтэй сурталчилгаа, пи-ар, дуулиан шуугианд л анхаарсаар сонгуулийг өнгөрөөж байгаа нь гажуудсан тогтолцоо гэж болно.
Эрчүүдэд ер нь эрх гэж байна уу?!
Энэ бүх дуулиан шуугианы дунд эмэгтэй гишүүдийн үнэ цэн үгүй болж, улс төрд оролцох идэвх нь буурдаг. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд хэрхэн хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллах, төр удирдаж шийдвэр гаргах түвшинд хэрхэн хамтарч ажиллахаас шалтгаалан намын санхүүжилтийг олгодог болох асуудал 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах ажлын нэгэн томоохон алхам гэж хэлж болох ч ганц нэг гишүүний тоо ахиулсаар суувал манай улсын парламентын тэнцвэрт байдлын үзүүлэлт дахиад л олон улсын сүүл мушгисан хэвээр үлдэнэ. Эмэгтэйчүүд гэрээ харж, хүүхдээ өсгөн бидний асуудлыг шийдэж өгөөч гэж эр нөхрөөсөө гуйх мэт улс төрчдөөс хүссээр л үлдэх биз ээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу