НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрх бүхий Орос, Хятад улсууд өнгөрсөн Пүрэв гарагт, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены танилцуулсан, Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн дайчид хооронд гал зогсоох тухай саналыг дэмжих тогтоолын төсөлд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Дипломатуудын мэдэгдсэнээр, зөвлөлийн цорын ганц араб гишүүн Алжир ч мөн тогтоолын төслийг дэмжихэд бэлэн биш буйгаа илэрхийлсэн байна. Тогтоолыг батлахын тулд дор хаяж есөн санал авах шаардлагатай бөгөөд АНУ, Франц, Их Британи, Хятад, ОХУ хориг тавих ёсгүй ажээ.

Байден долоо хоногийн өмнө Газын зурваст гал зогсоох гурван үе шаттай төлөвлөгөө танилцуулсан бөгөөд үүнийгээ “Израилийн санаачилга” гэж тодорхойлсон билээ.

Дипломатууд “Тогтоолын төсөлд тусгаснаар, Газын зурваст нэгдүгээр үе шатны хүрээнд “бүрэн гал зогсоох”, хоёрдугаар шатанд “талуудын тохиролцсоны дагуу дайсагналцлыг бүрмөсөн зогсоох” саналын зарим нарийн ширийн зүйлийг жагсаасан.

Гэхдээ зөвлөлийн зарим гишүүд Израиль уг төлөвлөгөөг үнэхээр хүлээн зөвшөөрсөн эсэх талаар лавлаж, нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан бүх хүнийг болзолгүйгээр суллахыг зөвлөлөөс шаардахыг хүсч байна” гэж мэдэгджээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, ОХУ тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгосны зэрэгцээ ХАМАС болон Израилийн аль алиных нь саналыг хүлээн авахыг уриалж, нэн даруй, болзолгүйгээр гал зогсоохыг шаардсан байна.

NHK-д мэдээлснээр, Байдены танилцуулсан гурван үе шаттай төлөвлөгөөний эхний үе шатад бүрэн гал зогсоох талаар тусгажээ. Мөн Израилийн цэргийг Газын хүн ам суурьшсан бүх нутгаас гаргах, Палестины хоригдлуудыг суллахын тулд барьцаанд байсан эмэгтэйчүүд, өндөр настан, шархадсан хүмүүсийг буцааж өгөх багтсан байна.

Хоёр дахь шатанд барьцаалагдсан бүх хүнийг суллаж, байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох солилцоо хийх бол гуравдугаар үе шатад томоохон сэргээн босголтын төлөвлөгөөг тусгасан байна.

Жо Байден “Израилийн дээрх саналыг Катарын зуучлагчид ХАМАС бүлэглэлд уламжилсан. Ингэснээр израиль болон палестинчуудад илүү сайн ирээдүй авчрах улс төрийн зохицуулалтын үндэс суурийг тавьсан” гэж хэлжээ.

ХАМАС бүлэглэл Байдены мэдэгдэл үнэн болохыг батлаад, “Бүрмөсөн гал зогсоох, Израилийн цэргийг Газын зурвасаас гаргах, сэргээн босгох, дүрвэгсдийг буцаан авчрах, хоригдлуудыг солилцох ажлыг дуусгах зэрэг аливаа саналд “эерэг, бүтээлчээр” хандахад бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS, NHK
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу