Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Беларусь руу зугтаж, Александр Лукашенкогоос улс төрийн орогнол хүссэн, Польшийн шүүгч Томаш Шмидтийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулахаас татгалзсан байна.

Польшийн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн нарийн бичгийн даргын тайлбарласнаар, Интерполын дүрмээр “улс төрийн гэмт хэрэг гэж тодорхойлсон төрийн аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдээллийг өөрийн сувгаар дамжуулах”-ыг хориглодог байна.

Мөн тус байгууллага “улс төр, цэрэг, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварласан шинж чанартай үйл ажиллагаа явуулах”-ыг хориглодог нь Интерпол төвийг сахиж, зөвхөн эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг гэсэн үг ажээ.

Польшийн прокурорын газар тавдугаар сарын сүүлчээр Томаш Шмидтийг эрэн сурвалжлагсдын жагсаалтад оруулах хүсэлтээ Интерполд хүргүүлсэн байна. Польш улс түүнийг Минскийн талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэжээ.

Шүүгч асан Шмидт өөрийг нь “урвагч” гэж нэрлэсэн тус улсын ГХЯ-ны дарга Радослав Сикорскийн эсрэг гомдол гаргаж, Польшийн Ерөнхий прокурорт хандаад байсан аж.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу