Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ энэ сарын 8, 9-ний амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Тус фестивальд Монгол Улсаас 30 мото клубын 1200 орчим, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид тус тус оролцох юм байна.

Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан, нээлтийн арга хэмжээнд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөх ажээ. Тодруулбал, тэд Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон-Амгалан өртөө-Баянзүрхийн товчоо-Налайх дүүрэг-Чингис хааны хөшөөт цогцолбор” гэсэн маршрутаар явах юм байна.

Мото наадам Чингис хааны хөшөө цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн зохион байгуулагдах ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу