Dobu.mn сайт энэ долоо хоногт хөнгөн атлетикийн Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа болон “Эрхлэгч, эрхлүүлэгч” постоор олонд танигдсан “Мүмү” пэйжийн аниматор Г.Алтаншагай нарыг онцолж байна.

Ц.Раднаа: Толгой өвдөхгүйгээр 95 насалчих байх, 100 нас хүртлээ гүйнэ

Үдийн халуун нарнаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэлийн хувцастай ганц хүн гүйж харагдана. Цааш явахдаа хурдтай гүйж, буцахдаа тайван гэгч нь алхаж байв. Энэ хүн бол хөнгөн атлетикийн Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд 91 нас хүрчээ.

2019 онд 85 насандаа ахмад мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, 400 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан тэрбээр энэ жил дахин дэлхийн рекорд тогтоохоор бэлтгэлдээ гараад буй нь энэ юм. Эрхэм хүмүүнтэй ярилцсанаа уншигч танаа толилуулъя. 

“ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ТАНАКА ХИРОГИЙН АМЖИЛТЫГ САЯХАН
ГУРВАН ТӨРӨЛД  ЭВДСЭН”

-Та бэлтгэлээ ганцаараа хийдэг юм уу?

-Уг нь дөрвөн хүнтэй хамт бэлтгэл хийдэг юм. Дөрвүүлээ өнөөдөр ажилтай гээд ирсэнгүй. Ирэх наймдугаар сард Швейцарт болох мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100, 200, 400, 800, 1500 метр, гурвын харайлттай гүйлт гээд, нийт зургаан төрөлд оролцохоор бэлтгэл хийж байна. 

-Та дэлхийн рекордыг дахин эвдэхийг зорьжээ. Швейцарт болох тэмцээнд хүчтэй өрсөлдөгч байгаа юу?

-Нэг түүх хуваалцъя. Би нэг удаа Японы Нара хотод тэмцээнд оролцох үеэр Танака Хиро гэж тамирчинтай уралдсан юм. Эхлээд 100 метрт уралдаад ялагдсан. 200 метрт уралдаад бас л хожигдчихлоо. Хоёуланд нь 0.2 дойлоор хоцорч барианд орсон юм. Тэр үед хоёр жил тууштай бэлтгэл хийж байгаад түүнийг ялна гэж өөртөө зорилго тавьсан. Тэгээд хоёр жилийн дараа Польш улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн. Тэр тэмцээнээс эхлээд Танакаг ялж эхэлсэн дээ.

Танака 90 насандаа дээд амжилт тогтоосон гэсэн. Тэр амжилтыг нь би саяхан Финландад тэмцээнд оролцохдоо гурван төрөлд гурвууланд нь эвдчихээд ирсэн. Цаашид Англи, Америк, Японы хүчтэй өрсөлдөгч гарч ирэх биз. Гэхдээ би 90 гаруй насалсан олон хүнтэй уралдсаар ирлээ.

Австралид 80 настай нэг өвгөн байдаг юм. Тэр ч юм болохгүй юм билээ. Финландад гурван өвгөн бий. Тэр гурав ч бас надад нэг их онц өрсөлдөгч байгаагүй. Одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч маань Танака Хиро юм даа.

“ЕР ГАРУЙ НАСАЛСАН ГЭХЭД ШҮДНЭЭС АГТ АРАА Л УНАСАН,
БУСДААР ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙНА”

-Та “Нас бол тоо” гэдэг үгийн бодит жишээ болж, олон хүнд үлгэрлэж яваа хүн. Эмнэлэгт хэвтэж, эм ууж бараг үзээгүй гэсэн, үнэн үү?

-Би барагтаа л эм уудаггүй. Ханиад хүрэх, толгой өвдөх гэх мэтээр хөнгөн өвдөхдөө ганц, хоёр удаа эм уусан. Түрүү булчирхайны хагалгаа хийлгэх гэж ганц удаа эмнэлэгт хэвтэж байсан. Бусдаар огт өвчин хэлж байгаагүй. 90 нас хүрчихсэн гэхэд шүднээс агт араа л унасан. Бусад нь хэвээрээ байна. 

Хүн ямар орчинд, хэрхэн өсөж, хүмүүжсэн бэ гэдгээс их зүйл шалтгаална. Ижий, аав маань намайг сайн арчилж, халамжилж, хүмүүжүүлсэн. Би ч өөрийнхөө биеийг зөв авч явж байна. Өдий наслахдаа би архи, тамхи хэрэглэж үзээгүй. Элдэв хэрэг төвөгт орооцолдож байсангүй. 

Хөлсөө гаргах нь хүний биед маш сайн. Биеийн хорыг гадагшлуулж, өөх шатааж байдаг юм. Хэр хэмжээгээр хөлс гаргана, төдийчинээ эрүүл байна гэсэн үг. 

-Монголд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-76.7 байдаг бол эрэгтэйчүүдийнх 60.7-67.3 гэх тооцолол бий. Үүнд юу нөлөөлдөг юм бол. Урт наслахад юу чухал вэ?

-Улиралтай их холбоотой. Тухайлбал, Японд жилийн турш дулаахан, зунаараа байдаг. Харин манай улсад өвөл нь хүйтэн, хавар шороо, тоос ихтэй. Намар нь зэврүүн, хөнгөн хувцастай явахаар даардаг шүү дээ. Үүнээс болоод манай монголчууд биеэ дайчилж, хөдөлгөөн хийх нь бага байна. Гүйдэг над мэтийн хүмүүс хүйтэн байсан ч дулаан хувцаслаж байгаад гүйчихнэ. Уг нь ингэж биеэ дайчилж байвал эрүүл чийрэг байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Видео хэлбэрээр үзэх: 

Г.Алтаншагай: Би ирээдүйд Японы зах зээлд өөрийн гэсэн хүүхэлдэйн киногоо гаргана

Бид нэгэндээ тэр болгон хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ фэйсбүүк, инстаграмын “Мүмү” хэмээх хуудсын постоор дамжуулан хуваалцах боломжтой байдаг. Энэ боломжийг олгодог тус анимейшн, постыг бүтээгч, залуу уран бүтээлч, аниматор Г.Алтаншагайтай уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр ирээдүйд Японы зах зээлд өөрийн гэсэн хүүхэлдэйн киногоо гаргах мөрөөдөл тээж яваа нэгэн юм. 

-Та хаана, ямар сургууль дүүргэсэн бэ?

-Би 2017 онд нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн. Дараа ньг нэг жилийн хугацаатай цэрэгт явж ирээд, Онцгой байдлын газарт дахин нэг жилийн хугацаатай гал сөнөөгч хийсэн. Үргэлжлүүлээд их сургуульд сурахаар шийдээд, Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр суралцсан.

-Хэзээнээс Мүмү зурах болсон бэ?

-Багадаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Хичээл орж байхад ч гэсэн хичээлээ хийхгүй зураг зураад суугаад байдаг байсан. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдээс гоё зурдаггүй, Мүмү үхэр гээд жижигхэн зүйл л зурдаг байсан. Тэгж зурсаар байгаад л Мүмү зурдаг болсон. 

-Мүмү үхрийн нэрийн талаар тайлбарлахгүй юу? Яагаад ийм нэр өгөх болсон юм бэ?

-Намайг бага байхад “Мост” сэтгүүл гээд Монголын анхны манга сэтгүүл байсан юм. Тэнд нэг үхэр байдаг байсан. Тэрнээс харж байгаад сэдэвлэж зурсан. Үхрээс Мү гээд авиа гардаг. Тэр авиаг нь бодож байгаад Мүмү гэдэг нэр өгсөн. 

-Одоо Мүмүгийнхээ хөгжүүлэлтийг ямар ямар платформ дээр хийж байна вэ? Хэдэн дагагчтай болсон бэ?

-Фэйсбүүк, инстаграм дээр хийж байна. Фэйсбүүк дээр 86 мянган дагагчтай, Инстаграм дээр 64 мянган дагагчтай болсон. 

-Ажлаа хийхэд хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Хамгийн хэцүү зүйл гэвэл маш удаан суудаг болохоор нуруу их өвддөг. Тэгэхээр сууж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд санаагаа бодно. Өнгө тавилт, арын фон зэргийг гаргаж байж энэхүү постоо бүтэж байна.

-Нэг пост хийхэд хэчнээн хугацаа шаардагддаг вэ?

-Деталиасаа шалтгаалаад янз бүр байдаг. Мүмүгийн хуудас дээр ордог пост хийхэд нэгээс хоёр цагийн хугацаа шаардагддаг. Анимейшн илүү ажиллагаатай байдаг учраас гурваас дөрвөн цаг болно.

Нийтлэлийнхээ санааг хаанаас олдог вэ?

-Санаагаа ширээнийхээ ард бодож сууж байгаад, бүр олдохгүй бол интернэт “ухаж” санаагаа олдог. 

-Санаагаа илэрхийлэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл тань юу вэ?

-Тэр үеийн сэтгэл санааны байдал нөлөөлдөг. Би гадуур сайн ажиллаж чаддаггүй. Тийм болохоор гэртээ хөгжим тавьж сууж байгаад, тайван ажиллах дуртай. 

-Өмнө нь хаана, ямар ажил хийдэг байв?

-Өмнө нь “UB group”-т хоёроос гурван сарын хугацаанд зураачаар ажиллаж байсан. Тэгээд гэрээрээ ажиллая гэж бодоод, захиралд хэлээд, гэрээрээ ажиллаж эхэлсэн.

-Тухайн үеийн Алтаншагай одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Ажлаа хурдан гараас гаргачихдаг болсон. Тэр үед өдөрт ганц пост хийдэг байсан бол одоо тав, зургааг хийчихдэг. 

-Яагаад гэрээрээ ажиллах болсон юм бэ?

-Өглөө босох хэцүү санагддаг байсан. Мөн гадуур явах их дургүй. Учир нь маш их стресстэй санагддаг. Тийм болохоор гэртээ л байх дуртай.

-Хэзээнээс Мүмү постоо хийж эхэлсэн бэ?

-Анх 2021 онд ковидын дараанаас л хийж эхэлсэн. Тэр үед мэдрэмжээ гаргаад, авьяасаа хөгжүүлэх гэж хийсэн.

-Анх Мүмүг зураад, пост хийхэд хүмүүс хэр хүлээж авч байв?

-Анх хүмүүс сайн мэддэггүй байсан. Тэгээд бага багаар хүмүүс хуваалцаад, мэддэг болсон. Хүүхдүүд ихэвчлэн “Таны пост хөөрхөн шүү” гэж чат их бичдэг. Мөн Мүмүг дуурайгаад зурчихсан байдаг.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

-Хамгийн анх олон хүнд танигдсан, сэтгэлд нь тод үлдсэн ямар пост байдаг вэ?

-“Эрхлэгч, эрхлүүлэгч” гээд пост олон хүнд хүрсэн. Хүмүүс тэр постоор Мүмүг их мэдсэн байх.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр-н дүүдл байж магадгүй

-Одоогоор постдоо зориулж хэчнээн дүр бүтээсэн бэ?

-Эхлээд Мүмү байж байгаад, жаахан ганцаардаад байгаа юм шиг санагдаад, Маамуу гээд найз охинтой болгосон. Одоо хоёулангаар нь пост оруулдаг. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Видео хэлбэрээр үзэх: 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу