Зургаадугаар сарын 8. Үдийн 15:00 цаг орчим. Зүүн дөрвөн замаас Амгалан зах хүртэл түгжирчээ. Халуун өдөр машинд түгжирч явна гэдэг амар ажил биш.
Энэ удаад ярилцлага хийхээр зорин яваа хүн бол “Lovers”-ийн Жерри буюу Э.Балжинням. Яг л энэ их үймээнт хотын асуудлаас хугасалж, хүмүүст амсхийх, өөрийгөө хайрлах боломж олгодог нэгэн гэж хэлж болно.
Очих замд олон бодол толгойд эргэлдэнэ. Ганц амралтын өдрөөр ярилцлага хийхээр хотоос гарч, шөнө ирээд өглөө нь эвлүүлж, бас нэг өдөр сууна гэх мэт. Гэхдээ зорьсон газартаа хүрээд, бодол санаа цөм өөрчлөгдсөн юм. Ойн цоорхойд амсхийх, бодлоо чөлөөлөх яг л ийм цагийг хүлээж байсан мэт энэ удаагийн тохиолд гүнээ талархана.
Ингээд “Lovers”-ийн үүсгэн байгуулагч Э.Балжиннямтай ярилцсаныг хүргэж байна.
-Сайн байна уу. Та юуны өмнө өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, тэгэлгүй яах вэ. Намайг Эрдэнэсайхан овогтой Балжинням гэдэг. Нэгэн цагт “Нийслэл хүү” хэмээх нэрээр олонд танигдаж од болохын даваан дээр ажлаа сольж энэхүү ойн цоорхойн энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн. Мэдрэмж дүүргэдэг, дурсамж бүтээдэг, үрчийтэл нь инээлгэдэг, хүмүүсийг “хайр ба гэр бүл” болгохыг хичээдэг Lovers-ийн нэгэн гишүүн байна.
-Анх танд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах сэдэл хэзээ төрсөн бэ?
-Сэтгүүлч байхдаа 21 аймгаар маш их томилолтоор явдаг байлаа. Монгол орноо хоёр удаа бүтэн тойроход байгаль бол үнэхээр хайр татам сайхан байсан. Гэхдээ зөвхөн байгаль харахад өөр нэг зүйл дутагдаад байсан юм. Тэр нь “энтертайнмент үйл ажиллагаа”. Тэгээд гэртээ ирээд, судлаад үзтэл тэр үед манай улсад ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг газар байхгүй байсан. Ийм үйл ажиллагаа Монголд байхгүй юм чинь өөрөө хийгээд үзье гэж шийдсэн.
2016 онд найзтайгаа хамт “Алхахад дурлагсад” гэдэг фэйсбүүк групп нээж, анхны уулзалтаа зохион байгуулсан. Анхны алхалт дээр 50 гаруй залуу ирэхэд маш их урам авч байсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд тасралтгүй алхалтын эвент зохион байгуулсан. Тухайн үед хүмүүс “Алхахад дурлагсад” гэдэг нэрийг хэлж чадахгүй байсан. Хэл орооцолдсон нэлээн төвөгтэй байсан байх. Удалгүй нэрээ Hiking Lovers болгож, 2018 онд Богд уулын Дугуй цагаанд анхны кино үдэшлэгээ зохион байгуулсан юм.
Анхны кино үдэшлэг хийж байхад дуу, техникийн асуудал гараад дуугүй кино үзүүлсэн. Гэсэн ч хүмүүс маш сэтгэгдэл өндөр буцаж байлаа. Тэгээд л тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сар хүртэл хүмүүсийн мэдрэмжийг, дурсамжийг бүтээхээр ажиллаж байна.
Маш их уур бухимдалтай, стресстэй, яг юуны төлөө амьдраад байгаа нь ч хүртэл эргэлзээтэй болсон нийгэмд жаахан ч болов гэрэл нэмж, өөр өнцгөөс нь хараач, өөртөө амралт өгөөч, бие биеэ хайрлаач гэдэг агуулгыг хүргэх үүднээс “ой модон дундах кино театр” гэдэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
-Анхны зүйлсэд мэдээж бэрхшээл тулгардаг. Таныг энэхүү үйл ажиллагааг эхлүүлж байхад хэр их бэрхшээл тулгарч байв?
-Богд уулын Дугуй цагаан руу хамаг зүйлсээ үүрээд алхана гэдэг үнэхээр чанга байсан. Яг тэр үед надтай хамт Lovers-ийн түүхийг бүтээлцсэн залууст би маш их баярладаг юм. 2.5 км маш их ачаатай алхахад бэрхшээлтэй байсан ч зорьсон газраа хүрээд хүмүүст сайхан мэдрэмжийг өгөх нь сэтгэлд их өег байсан. Илүү тав тухай, сайхан мэдрэмжийг илүү олонд хүнд хүргэхийг хичээдэг. Үүний төлөө л өнөөдрийг хүртэл хичээж яваа байх. Яагаад гэвэл Улаанбаатарт амрах, алжаалаа тайлах, гоё хүмүүстэй танилцах, өөрөөрөө байх орчин маш хязгаарлагдмал санагдсан.
-Энэ бүхний ард мэдээж гэр бүлийн тань хүн байгаа байх. Та гэр бүлийнхээ тухай товчхон дурдахгүй юу?
-Би нэг дүүтэй. Дүү маань Хөтөлд ажиллаж амьдардаг. Аав, ээж маань хотод бий. Та бүхэн анзаарсан бол талбайн голд гал түлэх хэсгийг тоосгоор хүрээлж барьсан байгаа. Үүнийг анх аав ээжтэйгээ хамт ирж хийж байлаа. 60 гарсан хүмүүс энэ хүртэл тоосго зөөж ирээд хамт бүтээлцсэнд маш их баярлаж байна. Тэр болгон хэлээд байдаггүй ч аав, ээж хоёртоо хайртай шүү. Хэдий намайг загнадаг ч гэсэн (инээв)
Надтай хамт энэ бүх түүхийг бүтээж байгаа гэргийг маань Одмаа гэдэг. Чамдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эмэгтэй хүнийг маш их анзаарч байх хэрэгтэй юм билээ. Дэргэд байгаа хүндээ мэдрэмжээ тэр бүр хэлээд байдаггүй юм байна. Бусдад хэдий их цаг гаргадаг хэр нь хажууд байгаа хүндээ маш бага зарцуулдаг юм байна гэдгийг ойлгосон. Энэ завшааныг ашиглаад чамдаа хайртай шүү гэдгээ хэлмээр байна.
-Гайхалтай юм. Сайхан байгаль, ой модонд арга хэмжээ зохион байгуулахад хог хаягдлын асуудал хэр тулгардаг юм бэ?
-Lovers-ийн зүгээс “ирлээ, явлаа, цэвэр” гэдэг уриаг баримталдаг. Бид зөвхөн байгалийн сайхныг л ашигладаг, биднийг явахад байгаль сайхан чигээрээ л үлддэг. Та бүхэн ч бас үйл ажиллагааг дуустал нь хүлээвэл үнэхээр л өглөө ямар ч хүн ирээгүй юм шиг л болохыг харах болно.
Бид зуны турш арга хэмжээ зохион байгуулсан газартаа улиралд нэгээс хоёр удаа ирж их цэвэрлэгээ хийдэг. Зөвхөн бид энд ирэхгүй шүү дээ. Хавь ойрынхоо орчныг цэвэрлээд л буцдаг даа. Энэ сайхан ой модыг, гайхалтай байгалийг яг л ийм сайхан чигээр мэдрээд буцахыг зорьдог хүмүүс ч бас бидэнтэй нэгддэг.
Азийн хамгийн том “Ойн цоорхойн кино театр” байгуулахыг хүсдэг.
Бид хэсэгхэн зуурт ярилцаад Э.Балжинням үйл ажиллагааны нээлтийн бэлтгэл ажилдаа орлоо. Зорин ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй бөгөөд тэр бүгдтэй уулзан чиглэл өгч халуун дулаанаар мэндчилэх аж.
Ойн цоорхойн хэсэгхэн газарт хүрээ үүсгэн гэрлээр тэмдэглэжээ. Залуус аяллын сандал болон дэвсгэр зэргийг бэлдсэн ба том цагаан дэлгэцийг тойрон сууна. Тэртээ хотын багаа моддын дундаас үл мэдэг харагдахаас бусдаар дуу чимээ нь өчүүхэн ч сонсогдохгүй. Нарны туяа улбар өнгөөр мөчирсийн дундуур нэвт шувт тусаж түүний дор хэсэг залуус тухална.
Чийг, өвс ногооны тансаг үнэрт нүдээ аниад хэвтэх, хайртай хүнийхээ мөрийг дэрлээд галын дэргэд суух зэрэг дүр зургууд тайвшралыг бэлэглэнэ. Удалгүй дууны цаг эхэлж ойн цоорхойд банзан гитарыг аяз эгшиглэнэ. Өвс ногооны зөөлөнд тухалсан олон юунд ч санаа зоволгүй аз жаргалтай харагдаж байлаа.
Э.Балжинням зочдод халуун төмс, кофе, цай зэргийг тарааж сонирхолтой яриа өрнүүлж ажлаа жигдрүүлж аваад эргэн бидний сандалд тухаллаа. Нар хэдийнээ шингэж, кино үзвэрийн цаг эхэлсэн тул түүний хувьд сая нэг амсхийх зав гарч буй нь энэ.
-Өмнөх ярианд цухас дурдаад өнгөрсөн мэдрэмжийн тухайд эргээд ярилцъя гэж бодлоо. Энд ирж буй залууст та ямар мэдрэмж өгөхийг хичээдэг вэ. Магадгүй сэтгэл ханамжийнхаа тухай эргээд тантай ярилцдаг байх…
-Ямарваа нэг зүйлээс авах мэдрэмж нь дүүрэх юм бол тэр хүн маш сэтгэл хангалуун болдог. Бид “Мэдрэмжээ дүүргэж, дурсамжаа бүтээе” гэдэг уриатай. Аялалд яваад мэдрэмж нь дүүрээд, хэзээ нэгэн цагт түүнийгээ дурсаж, дурсамж нь бүтдэг байвал бид маш их баярлах болно. Манай амрагчдаас маш гайхалтай түүхүүд бий болдог. Нэгэн жишээ хэлэхэд өнгөрсөн арга хэмжээний үеэр танилцсан найзууд 21 аймгаар аялсан байсан. Анх уулзахдаа бие биеэ огт танихгүй байсан хэр нь тэр өдрөөс хойш огт холбоогоо таслаагүй байгаа юм. Энэ зүйлийг сонсож байгаа нь бидний мэдрэмж дүүрч байгаа хэрэг байх. Хүмүүсийн дурсамжийн нэг хэсэг нь Lovers байна гэдэг л маш сайхан зүйл.
Хүн ямарваа нэг зүйлийг эцэст нь тултал хийхийг, эсвэл энэ чигээр нь хадгалж үлдээхийг хүсдэг. Таны хувьд энэхүү арга хэмжээг ямар түвшинд хүргэе гэж боддог вэ
Lovers-оороо амьдардаг бол сайхан л байна. Гэхдээ яг одоогийн хэмжээнд бол зуун хувь бизнес болгоогүй байна. Бид Lovers-ийг ирээдүйд Азийн том фестиваль болгохыг мөрөөддөг. Монголын Ойн цоорхой дахь кино театр Азийн хамгийн их хүн зорин ирдэг фестиваль болоосой, яг л Playtime шиг. Мэдээж мөрөөдлөө биелүүлэхэд маш их хүч гаргаж, олон зүйлийг туулах хэрэгтэй байх. Гэхдээ түүний төлөө л өнөөдрийг хүртэл хичээж ирсэн, цаашид ч хичээх болно.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг шиг Улаанбаатарыг урд болон хойд хэсэгт бүрэн хэмжээний ойн цоорхой дахь кино театр байгуулахыг зорьж байна.
-Ихэвчлэн хэд орчим насныхан ирж байна вэ. Цаашид насны хувьд хязгаарлалтгүй чөлөөтэй, илүү олныг хамарсан болгоё гэж боддог уу?
-16-38 насныхан их ирдэг. Түүний 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Яг энэ ой модонд хоёр жилийн өмнө нэг залуу 70 нас хүрч байгаа ээжтэйгээ хамт ирсэн. Ээж нь маш өндөр сэтгэгдэлтэй буцсан. “Хүү бид хоёрын хамгийн гоё дурсамжуудын нэг байлаа, баярлалаа” гэж хэлж байсан.
Бид бүх тал дээр нээлттэй, чөлөөтэй байхыг хичээдэг. Хүмүүс ч биднээс гэр бүлд зориулсан эвент, хосуудад зориулсан эвент хийх үү гэж асуудаг. Бид бүгдийг хийх болно. Монгол Улсын хүн бүрд  энэ мэдрэмжийг өгөхийг хүсдэг.
-Сүүлийн өгүүлбэрийг танд үлдээе…
-Өнгөрсөн хугацаанд Lovers-оор дамжуулан маш олон хүнтэй танилцаж, маш олон хүний мэдрэмжийг хуваалцсан байна. Манай залуусын ертөнц үнэхээр гайхалтай, ирээдүй гэрэлтэй байгаа гэдэгт итгэдэг. Улаанбаатарт заримдаа шантармаар үе байдаг, заримдаа баярламаар ч үе байдаг. Өөр өөр хамартай, өнгө өнгийн ертөнцтэй хот шүү дээ. Яг л ийм энгийнээрээ, өөрийнхөөрөө байгаарай. Өөрийгөө хайрладаг, бусдадаа хайр түгээдэг байгаарай л гэж хэлье.
Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу