Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен тэргүүтэй Европын Ардын нам Европын парламентын сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа. Нийт 720 суудлаас 189 суудал авснаар Европын парламентын одоогийн бүрэлдэхүүнтэй харьцуулахад байр сууриа дээшлүүлж буй юм.

Европын парламентын тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болж буй Роберта Мецола энэ талаар Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр Европын холбооны хэмжээнд болсон сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулахдаа мэдэгдэв.

Хоёрдугаарт социалистууд 135 суудал, либералууд гуравдугаарт 80, баруун жигүүрүүд дөрөвдүгээрт 72 суудал, “Identity and Democracy” фракцийн хэт барууны үзэлтнүүд тавдугаарт тус тус багтсан байна.

Францын үндэсний ралли 58, Ногоонтнууд 52 суудал авах бөгөөд 98 гишүүн фракцуудад хамааралгүй бий бөгөөд тэдний дунд Германы альтернатив нам бий ажээ.

Европын Холбоо (ЕХ)-ны ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох Европын парламентын ээлжит сонгууль ЕХ-ны гишүүн 27 улсад зургаадугаар сарын 6-наас 9-ний хооронд болж өндөрлөв.

Сонгуульд санал өгөх эрхтэй 373 сая орчим хүн оролцсон мэдээлэл бий бөгөөд санал хураалт Ням гаргийн орой дуусаж, эхний урьдчилсан дүн ийнүү гарсан байна.

Европын парламентын 720 суудлын төлөө Европын 200 орчим намын төлөөлөл өрсөлдөв. Сонгогдсон гишүүд долдугаар сарын дундуур шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийнэ.

Нидерландын иргэд зургаадугаар сарын 6-нд буюу сонгуулийн эхний өдөр хамгийн түрүүнд саналаа өгсөн бөгөөд тэд Европын парламентын 31 гишүүнийг сонгожээ. Зургаадугаар сарын 7-ны Баасан гарагт Ирланд, Чех улсуудад сонгууль болж, ирландчууд Европын парламентын 14 гишүүнийг, Чехийн иргэд хоёр өдрийн санал хураалтаар 21 гишүүнийг сонгосон байна.

Энэ сарын 8-ны Бямба гарагт Итали (76 гишүүн), Латви (9), Мальта (6), Словак (15) улсуудад болсон бол 9-ний Ням гарагт Австри (20), Бельги (22), Болгар (17), Хорват (12), Кипр (6), Дани (15), Эстони (7), Финланд (15), Франц (81), Герман (96), Грек (21), Унгар (21), Литва (11), Люксембург (6), Польш (53), Португал (21), Румын (33 ), Словени (9), Испани (61) улсуудын иргэд саналаа өгчээ.

Шуудангаар болон цахимаар санал өгөхийг зөвшөөрсөн улс орнуудад санал хураах үйл явц дээрх хугацаанаас хэтэрч магадгүйтэй холбогдуулан ЕХ-ны өөр улсад байнга оршин суудаг нэг улсын иргэд (тэдний тоо хэдэн арван саяар тоологддог) эх орондоо болон оршин суугаа газартаа хоёр удаа санал өгөх зөрчил гарч болзошгүйг Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааруулсан. Санал хураалтын дүнг улс бүр бие даан нэгтгэдэг тул үүнийг шалгах боломжгүй байдаг аж.

Европын парламентын сонгуулийг 5 жил тутам нэг удаа явуулдаг бөгөөд сүүлийн сонгууль 2019 онд болсон билээ.

Эх сурвалж: TASS, RT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу