Монголбанк 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон билээ.

Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.

Дээрх шийдвэр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон.

Энэхүү шийдвэр хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний ээлжид 2024 оны дөрөв дүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээл (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарав)-ийг хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоо хийжээ.

Ингэхдээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцтэй нийт 127.761 иргэн, ААН-ын мэдээллийг тохируулгад хамруулав.

Шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дахь шатанд буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр, төлбөрөө бүрэн барагдуулж хаасан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургаадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоо хийжээ.

2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хийгдсэн энэхүү нэгдсэн тохируулгад нийт 27.554 иргэн, ААН-ийн хугацаа хэтэрсэн ангилалтай, үйлдэгдэлгүй төлбөрийн үүргүүд хамрагдаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй боллоо.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээл (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна)-ийг хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагдсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу