Зуны дунд сар гарч, өглөөний наран 04:50 цагт манддаг болжээ. Нийслэл хотод өглөөний 05:00-06:00 цагаас хөл хөдөлгөөн эхэлж, нийтийн тээвэр зорчиж эхэлнэ. Иргэд өглөөний дасгал, гүйлт хийхээр нар мандахтай зэрэгцэн гараад 07:00 цаг гэхэд ер нь л ажил төрөлдөө очдог болж. 
Энэ үеэр нээлттэй хаалга бараг харагдахгүй. Өглөө яаран гарсан болон яаралтай ажил амжуулахаар яваа хэн нэгэн ямар нэгэн үйлчилгээ хэрэгтэй боллоо гэхэд онгорхой газар олно гэдэг нүдний гэм.
Бичиг хэрэг, хүнсний дэлгүүр, бэлэн хувцас, хоолны газар гэх мэт зайлшгүй гэнэтийн хэрэгцээг хангах зорилго бүхий газрууд 06:00-09.00 цагийн хооронд ажин түжин. Эсрэгээрээ, хааж буй баар, цэнгээний газруудын үүдэнд согтуу залуус дэнжигнэж харагдана.
      
24 цагаар үйл ажиллагаа явуулдаг CU, GS25 болон зарим нэг эмийн сан л нээлттэй байх аж. Гэлээ ч эдгээр нь хүний хэрэгцээг бүрэн хангах үйлчилгээний газар биш. Зах, худалдааны төвүүд бол бүр ч ярих юмгүй. Ингээд харахаар бид үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрэх мэт хөшүүн хойрго аж төрсөөр байна.
Улмаар 09:00 цаг хүртэл нээлттэй газар байхгүй тул өдрийн бүтээх ёстой байсан ажлын цаг хойшилно. 10:00 цаг өнгөрөөж шахам арай гэж нэг газарт орж, хэргээ бүтээж аваад, дараагийн ажлаа тооцоолж болох ч замын түгжрэлтэй нүүр тулж, Улаанбаатарын хаа нэгтээ гацаж орхино.
Худалдаа, үйлчилгээнээс бусад ажил цахимд шилжсэн нь авууштай ч нөгөө талдаа цахим үндэстэн болоогүйн бас нэг жишээ энэ юм. Банкууд 09:00 цагаас, бичиг хэрэг, номын худалдаа мөн 09:00 цагаас, худалдаа үйлчилгээ, хоолны газрууд цөм 09:00 цагаас хойш нээгдэнэ. 
Иргэд үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Бид МУБИС-ийн зүүн талд байрлах “Төгөлдөр” төвийн эргэн тойронд өглөөний 06:00 цагт очвол ганц CU-гээс өр нээлттэй хаалга олж харсангүй.
Түүний урдуур алхах иргэд “Манай улс шиг үд болж байхад нээдэг үйлчилгээний газруудтай улс орон байдаггүй байх. Зуны халуунд нар эрт мандана, үдийн халуун нарнаас өмнө гарч амжуулах ажил түм бум байгаад ч нэмэр алга” хэмээн ярилаа.
Мөн Спортын ордны баруун талын гудамжинд байрлах бичиг хэрэг, зарим худалдааны газруудыг зорьсон ч хоосон хаалга мөргөсөн юм.
Цаашлаад “Мөнгөн завьяа” төвийн ойр орчим дахь худалдаа, үйлчилгээний газруудын хаалгыг татвал бас л адилхан. Ингээд Их дэлгүүрийн дэргэд очиход 07:00 цаг болж байлаа. Үндсэндээ МУБИС-иас Их дэлгүүр хүртэл алхахад нэг ч онгорхой хаалга олж харсангүй. 
Нийслэлчүүд бид эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өглөө эртлэн босдог сайхан хэвшилд суралцаж буй. Гэсэн ч хувь хүн хэчнээн өөрийгөө хөгжүүлэн, эрч хүчээр дүүрсэн ч хот маань унтаа хэвээр л байх юм. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 07:00 цагаас эхэлдэг болсон.
Эдгээр ажилчдын төлөөлөл ч мөн аж ахуйн нэгжүүдийн хойрго байдалд сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн юм. Тэдний нэг “Өглөө эрт босож ажилдаа очих замдаа өглөөний цай ууж, зарим нэг худалдан авалт хийх хэрэгцээ хүн бүрд бий. Тэр болгонд эрт нээдэг газар олно гэдэг үнэхээр хэцүү” гэв.
Гэрээс гараад ажил хүртэл ямар ч газраар орох эрхгүй, зөвхөн түгжирсээр, алхсаар яваад л ажилдаа очих ёстой. Ингээд өдрийн турш бужигнаад, орой тарвал мөн л өнөөх газрууд нь хаачихна.
Өглөө ч олдохгүй, орой ч олдохгүй үйлчилгээний газруудыг амралтын өдрөөр л зорих боломж олдож байна. Ийнхүү “тамын тогооны үлгэр” шиг бидний нийгэм түм түжигнэж, бум бужигнасаар амралтын өдрөөр л хамаг ажлаа амжуулах их зорилгын төлөө ажиллаж байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:  

                 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу