Түүнийг Б.Бямбадулам гэдэг. 1-6 насны гурван хүүхдийн ээж бөгөөд полимер урлалыг Монголд дэлгэрүүлэхийг зорьж буй. Таван жилийн өмнө “цалинтай ээж”-ийнхээ 50 мянган төгрөгөөр урлалаа эхлүүлж байсан бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийг нэмэлт орлоготой болгохын тулд сургалт хүртэл эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Б.Бямбадулам дунд хүүгээ төрүүлснийхээ дараа полимер урлал сонирхож, интернэтээс тодорхой мэдээлэл авчээ. Сонирхлыг нь ихэд татсан тул сургалтад нь суухаар шийдэж, хоёр сар гаруйн хугацаанд судалгаа хийж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан байна. Түүнийг гэр бүлийнхэн нь дэмжиж, сургалтдаа сууснаар тасралтгүй орлоготой болох боломж нь нээгджээ.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Нэмэлт орлоготой болж, хоббигоо хөгжүүлэх зорилгоор полимер урлал сонирхож, бүтээл урлаж эхэлсэн. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж амжилгүй хоёр хүүхдийн ээж болсон. Энэ үед дөнгөж төрсөн ээжүүдэд тохиолддог сэтгэл гутралд бага зэрэг орсон. Гэхдээ удалгүй гар урлал хийж эхэлснээр сэтгэлээр унах, стресстэх нь багассан” гэсэн юм.

Мөн “Миний нөхөр намайг маш сайн дэмждэг. Аяга, шавар, ойр зуурын материал дуусахад авчраад өгдөг. Мөн хүргэлт хийж, заримдаа хүүхдүүдээ хардаг. Нөхөр маань дэмжиж, ойлгодог учраас урлал маань урлан болтлоо өргөжиж байна” хэмээлээ.

Ээжүүд түүнээс “Сургалт явуулах уу, заагаад өгөөч” хэмээн асууж, их ханддаг байна. Тиймээс удахгүй танхим болон онлайн сургалтаа явуулъя гэж бодож байгаа талаараа нүүрэндээ мишээл тодруулан өгүүлэхдээ “Зөвхөн аяган дээр полимер шавраар бүтээл хийдэггүй. Ээмэг, зүүлт, 3D хүүхэлдэй ч хийх боломжтой. Тиймээс энэ урлалыг олон ээж сураасай гэж боддог. Миний сургалтад суусан ээжүүд надаас илүү ч хийх боломжтой.

Үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд яг нэг хэв загвараар гардаг бол гар урлалын давуу тал нь дахин давтагдашгүй, цор ганц гэдгээрээ онцлогтой. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд өөрсдийн хобби сонирхлын дагуу урлал сонгож, судлаад хийвэл илүү амжилттай явна.

Өөр хүний хийснийг хийж чадахгүй болохоороо шантраад больж болохгүй. Полимер шавар урлал сонирхож буй ээжүүд надтай нэгдэж, үзэсгэлэн худалдаанд ороосой, ээжүүдийн нэгдэл гэж яваасай гэж боддог” гэсэн юм. 

Б.Бямбадулам бүтээл хийх материалаа өөрөө захиалдаг болсноор шаврын өнгө дуусвал яана аа гэх зовлонгүй болжээ. Тиймээс “Сургалтаа ч сэтгэл амар, санаа зовох зүйлгүй явуулж байна” хэмээн баярлан ярьсан юм. 

Полимер шавраар зургаагаас дээш насныхан бүтээл хийх боломжтой аж. Гэхдээ найман наснаас дээш хийж эхэлбэл илүү аюулгүйг хэлэв. Учир нь, өндөр градуст шатааж, хатаадаг бөгөөд түлэх ч юм уу, градусыг нь нэмсэн тохиолдолд бодис ялгардаг байна. Харин заасан 100 градуст хатаавал хор багатай ажээ.

Түүнээс хүмүүс “Аягаа угааж болох уу” гэж их асуудаг байна. Тэр хэлэхдээ “Шарж хийдэг учраас өнгө нь арилна гэсэн ойлголт байхгүй. Бичгээ хүртэл шавраар хийдэг учраас арилахгүй. Үрж угаасан тохиолдолд явцын дунд элэгдэнэ. Халуун усанд олон цагаар дэвтээвэл шавар нь зөөлөрдөг. Шавар нь аяганаасаа ховхорсон тохиолдолд шаазангийн цавуугаар нааж болно” гэлээ. Нэг аяган дээрх дүрсийг 1-3 цаг зарцуулж хийдэг ажээ.

Ийнхүү аяганыхаа тоо ширхэгт тааруулж материал авдаг байсан Бямбадулам шантралгүй, тууштай зүтгэсээр нөөцөлдөг, бүр худалдаалдаг болсон байна. Түүнтэй нэгдэхийг хүсвэл “Craft mom” хуудсаар зочлоорой.

Л.ЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу