Ямайкын ойрын зайн гүйгч, олимпын найман удаагийн аварга Усэйн Болт Лондонд болсон “Soccer Aid” хөлбөмбөгийн хандивын тоглолтын хоёрдугаар үед бэртэл авсан талаар “The Mirror” мэдээлжээ.

“Stamford Bridge” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн Ням гарагт Английн шигшээ баг Болт ахлагчтай багтай тоглож, 6:3 харьцаагаар хожсон байна. Ямайк залуу тоглолтын 67 дахь минутад бөмбөг өшиглөх гэж байгаад унаж, бэртэл авсан тул түүнийг дамнуурга дээр хэвтүүлэн талбайгаас авч гарчээ.

Энэ үеэр Английн шигшээгийн тоглогч Жермейн Дефо эсрэг багийнхаа хаалгад гоол оруулж, тооны харьцаа 4:2 болсон бол удалгүй нэг гол нэмж оруулснаар 6:3-аар ялалт байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд буяны тоглолтод тогтмол оролцож байгаа тэрбээр 100 метрт 9.58, 200 метрт 19.19 секунд гүйсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, багийнхны хамт 4×100 метрийн буухиад 37.10 секундын амжилт үзүүлсэн.

Мөн 100 метрт 9.69, 200 метрт 19.30 секунд гүйсэн амжилтаар олимпын дээд амжилтууд тогтоосон. Болт нь Карл Льюисээс хойш буюу 1984 оноос хойш нэг олимпоос 3 алтан медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч юм.

Тэрбээр түүхэнд нэг олимпод 3 дэлхийн дээд амжилт тогтоосон анхны хүн бөгөөд 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж буй анхны тамирчин юм.

Усейн Болт 2017 онд хөнгөн атлетикаас зодог тайлж, 2018 онд хөлбөмбөгт хүчээ сорин, Австралийн “Central Coast Mariners” багт хоёр нөхөрсөг тоглолт хийж, хоёр гоол оруулж байв.

Эх сурвалж: THE MIRROR
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу