Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ  өнөөдөр Төрийн ордонд болсон. Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны сайд С.Чинзориг эмнэлгийн ажилтны цалин хөлсний талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.  

-“Энэ сарын 27ны өдөр болсон “Эмч ээ сонсъё” хэлэлцүүлгийн  хүрээнд хэд хэдэн арга хэмжээг бид хэлэлцсэн. Нэгдүгээрт хууль эрхзүйн орчныг сайжруулах, хоёрт эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай. Чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргад шилжээд хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд уг аргад сайжруулах зүйл бас олон байлаа.

Цаашид нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентын тохируулгыг нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулан өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих, зарим шаардлагатай оношны хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношны хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодлогын тохируулга хийн ажиллаж байна.

Тавдугаар сарын 1-нээс гүйцэтгэлийн аргад тохируулга, өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Эхний удаад 27 орчим тэрбум төгрөгийг энэхүү тарифт өөрчлөлт оруулах замаар шийднэ. Ингэснээр сумын эмнэлгийн ажилтны цалинг 30 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107-р тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин болон төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоож салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Дийлэнх эрүүл мэндийн байгууллагууд ажилчдадаа урамшуулал олгосон хэдий ч ялгаатай байдал байсаар байна. Ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилтэд хамаарахгүй төсвийн байгууллагууд, захиргааны ажилтнууд, хүн ам цөөтэй алслагдсан сумдын эрүүл мэндийн ажилтнуудын хувьд цалингийн асуудал нэлээдгүй тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу