Мөрөөдөлдөө хүрэхийн тулд 14000 км дугуйтай аялж, Английн Манчестер хотод хүрч чадсан Б.Очирваань өнөөдөр (2024.0611) эх орондоо ирлээ. 

Тэрбээр “Дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийнхөө мэдрэхийг хүссэн бүх зүйлээ мэдэрсэндээ баяртай байна. Нэг жилийн хугацаанд маш олон зүйл үзэж харж, мэдэрч суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сорьж, маш олон хүнээс урмын үг сонсож, их зүйлд суралцлаа. Нэг жилийн хугацаанд маш том боловсрол эзэмшлээ.

Олд Траффордод “Манчестер Юнайтед”-ийн дэмжигчид очоод хөлбөмбөг үзэж болно. Гэхдээ яг над шиг уулзсан хүн бараг байхгүй. Өөрийнхөө хамгийн их дэмждэг тоглогчтойгоо уулзаад, дээрээс нь тоглохыг хүсдэг байсан талбайдаа хөлбөмбөг тоглосондоо туйлын аз жаргалтай байна. Яагаад гэвэл тэр цэнгэлдэхэд хэр баргийн хүн тоглох боломжгүй. Дээрээс нь дэмжигчийн хувьд бол боломжгүй зүйл байсан. Тэр нь надад боломжтой болоод, нүдээ аниад төсөөлдөг байсан зүйлээ өөрийн биеэр мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. 

Би “Манчестер Юнайтед”-д очиж тоглохыг хүсдэг байсан. Энэ мөрөөдөл маань биелэх ганцхан арга нь тамирчин болох байсан. Биелүүлэх боломжгүй болсон учраас өөрийн хүч хөдөлмөрөөр өөрийн цаг хугацааг мэдрэхийг хүссэн. Энэ нь дугуй сонгоход нөлөөлсөн.

Бүх саад бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрсэн. Гэхдээ өдөр болгон өөрийнхөө мөрөөдөл рүү ойртож байгаа нь надад урам зориг болж байсан. Аяллын туршид орон орны маш олон гайхалтай хүмүүстэй уулзаж, учирсан. Тэр бүх хүмүүсээс маш их урам авч, өөрийнхөө мөрөөдлийн үнэ цэнийг илүү их мэдэрч байсан.

Тэдгээр хүмүүс мөрөөдөлдөө хүрэхэд минь урам зориг өгч байсан. Тиймээс хэцүү бүхэн хэцүү санагдаагүй. Харин ч илүү сонирхолтой, өдөр бүхэн шинэ хүмүүстэй танилцаад, шинэ газар үзээд, шинэ сорилтуудтай нүүр тулаад, адал явдалтай байсан. 

Энэ аяллын турш гэр бүлээс гадна уулзаж учирсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би аяллынхаа туршид маш олон газрын дугуйны соёлыг судалж ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хотод ирж багахан ч гэсэн нөлөө үзүүлэхийг хүсэж байна. 

Энэ бол миний мөрөөдлийг нээх түлхүүр байсан. Надад цаашдаа маш олон боломж нээгдсэн. Тиймээс ирээдүйд бүр илүү гайхалтай зүйлсийг хийхийг хичээх болно. Тэгэхээр залуучуудад хандаж “том мөрөөдөж, няцахгүйгээр ямар нэгэн арга замыг олоод, өөрийн мөрөөдлөө биелүүлээрэй” гэж хүсье. 

Би ч гэсэн маш олон оролдлого хийж, тууштай байсны хүчинд мөрөөдлөө биелүүлсэн. Тэгэхээр тууштай оролдлого хийвэл хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэх арга замаа олно гэж бодож байна” хэмээв. 

Видео хэлбэрээр үзэх:

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу