Крымын парламентын тэргүүн Владимир Константинов “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “Украины үндэсний олигархуудын өмчийг худалдсаны дүнд Крымын төсөвт хэдийнэ 2.1 тэрбум гаруй рубль орж ирсэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр “2023 онд 1.7 тэрбум рублиэр, энэ онд 416 гаруй тэрбум рублиэр худалдаж, нийлбэр дүн нь ойролцоогоор 2.1 тэрбумд хүрээд байна” гэж ярьсан байна.

Константиновын хэлснээр, өдгөө дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийг үнэлэх ажил үргэлжилж буй бөгөөд боломжит хөрөнгө оруулагчид болон шинэ өмчлөгчдийн дунд дээрх эд хөрөнгийн эрэлт өндөр байгаа аж.

Крымын парламентын тэргүүн “Улсын хэмжээнд хураан авсан бүх объектын тооллого хийгдэж байна. Бид оны эцэс гэхэд төсөвт их хэмжээний орлого оруулна гэж найдаж байна” хэмээн онцолжээ.

Крымын парламент 2022 оны намраас хойш Киевийн дэглэмтэй холбоотойгоор Украины хэд хэдэн улстөрч, олигархиудын өмчийг улсын мэдэлд авах талаар хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Тус улсын Терроризмын эсрэг комисс олигархуудын эд хөрөнгийг илрүүлэх ажилд оролцож байгаа аж. Крымын тэргүүн Сергей Аксенов “Хураагдсан хөрөнгийг худалдаж олсон бүх орлого цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын хэрэгцээнд зориулагдана” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу