Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ноос “Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин зургаадугаар сарын 9-нд Солонгос хоорондын хил зөрчсөн Хойд Солонгосын 20 орчим цэрэгт анхааруулж, хэд хэдэн удаа буудлага хийсэн” гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын 20 орчим цэрэг өнгөрсөн Ням гаргийн 12:30 (GMT 6.30) цаг орчимд хилийн төв хэсэгт байрлах цэрэггүй бүс (DMZ) дэх хилийн заагийг давж, удалгүйгээр Хойд Солонгосын тал руу буцсан байна.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин анхааруулах буудлага хийж, радио нэвтрүүлэг цацсаны дараа гойд анхаарал хандуулах “үйлдэл” бүртгэгдээгүй аж. Өмнөдийн зэвсэгт хүчин “Хойд тал цэрэггүй бүсэд ямар нэгэн даалгавар гүйцэтгэж яваад, ‘санамсаргүйгээр’ хил давсан байж магадгүй” гэж таамаглаж буй юм байна.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос тайлбарласнаар, цэрэггүй бүсэд өвс, бут шигүү ургасан тул хилийн тэмдгийг харахад хүндрэлтэй байгаа аж.

JCS-ийн хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун “Биднийг сэрэмжлүүлэх буудлага хийсэн даруй тэд Хойд Солонгосын тал руу буцсан. Тэд манай нутаг дэвсгэрт халдах бодолгүй байсан гэж бид үзэж байна” гэжээ.

Энэ хэрэг Хойд Солонгосын хог, ялгадастай бөмбөлөг хөөргөх кампанит ажлын хариуд Өмнөд Солонгос сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа хойд хөрштэй залгаа хил дээр чанга яригчаар анхааруулга өгөхөөс хэдхэн цагийн өмнө гарсан байна.

Эх сурвалж: YONHAP, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу