Японы парламентын Дээд танхимын гишүүн Мунео Сүзүки “ТАСС” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа “Швейцарьт удахгүй болох Украины асуудлаарх бага хурлыг “энх тайвны дээд хэмжээний уулзалт” гэж нэрлэж буй нь эсрэгээрээ мөргөлдөөнийг улам сунжруулж болзошгүй юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сузуки “Энх тайвны дээд хэмжээний уулзалт” гэж нэрлэгдэж буй ч мөргөлдөөнийг улам сунжруулсан дээд хэмжээний уулзалт болж дуусах вий гэж би айж байна” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр “Би тавдугаар сарын 14, зургаадугаар сарын 6-нд Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай ярилцаж, гал зогсоох талаар хүчтэй санаачилга гаргахыг зөвлөсөн” гэж нэмж хэлжээ.

Үүний зэрэгцээ Сузуки “Кишида удахгүй Италид болох “Их-7″-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт, Швейцарт болох Украины бага хуралд оролцож, энх тайвны төлөө ажиллана” гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Японы парламентч ОХУ-ын Элчин сайдын яаманд, Оросын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүлээн авалт дээр цугларсан зочдод хандан, Италид болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт “гал зогсоох боломж” байгаасай хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Зургадугаар сарын 6-нд би, “Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Япон Улс “Их-7”-гийн орнуудаас Украинд үхлийн зэвсэг нийлүүлээгүй цорын ганц орон юм. Атомын бөмбөгдөлтөд өртсөн хотоос ирсэн Ерөнхий сайд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Украинд гал зогсоох шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна гэж хэлсэн” хэмээжээ.

Сузуки “Украинд зэвсэг нийлүүлснээр дайныг сунжрахад л хүргэнэ” гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу