Сүүлийн үед гэр бүл салалтын зонхилох шалтгаануудын нэг болоод буй гэр бүлээс гадуурх харилцааны талаар сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа. Тэрбээр хосын харилцаагаа хэрхэн аварч үлдэх болон энэ асуудлыг даван туулах арга замын талаар чухал зөвлөгөөнүүд өгсөн юм.

 

-Та сэтгэл зүйчээр хэдэн жил ажиллаж байна вэ? Аль чиглэлээр түлхүү зөвлөгөө өгдөг вэ? 

-Би мэргэжлээрээ ажиллаад есөн жил болж байна. Миний ажилладаг зөвлөгөөний чиглэл гэр бүл, хосын харилцаа, насанд хүрэгчдийн бие хүний сэтгэл зүйн асуудлуудтай түлхүү ажиллаж байна. Мөн клиник чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

-Таны үйлчлүүлэгчид голдуу ямар асуудлаар ханддаг вэ?

-Зөвлөгөөн дээр ажиллаад эхэлснээс хойш түгээмэл хэдэн асуудлын хүрээнд хүмүүс зөвлөгөө авдаг. Жишээлбэл, гэр бүлийн хувьд төрсний дараах сэтгэл гутралын асуудал байна. Айдас болон түгшилтэй холбоотой асуудлууд, сэтгэл цочролтой холбоотой асуудлуудтай хүмүүс түлхүү орж ирдэг. Дээрээс нь харилцаа, ойлголцол, хүүхдээ хүмүүжүүлэхтэй холбоотой асуудлууд, гэр бүл салалт, хардалттай холбоотой асуудлуудаар хүмүүс зөвлөгөө авахаар ханддаг.

Мөн гэр бүлээс гадуурх харилцааны хүрээнд хоёр тохиолдлоор хүмүүс ханддаг. Нэгдүгээрт, гэр бүлийн хүн нь давхар харилцаа бий болгосон. Хоёрдугаарт, өөрөө давхар харилцаа үүсгэснээс сэтгэл зүйн хувьд тухгүй байдал үүсгэж байгаа учир тэр харилцаагаа үргэлжлүүлэх үү, болих уу, болих гэхээр чадахгүй байгаа учраас сэтгэл зүйчид хандаж байгаа юм.

Гэр бүлээс гадуурх харилцаа ямар үед үүсдэг вэ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа дийлэнхдээ ямар шалтгааны улмаас үүсдэг юм бэ?

-Хүмүүс бодохдоо гэр бүлийн үнэ цэнийг ойлгохгүй, эсвэл бэлгийн харилцаа таарахгүй байгаагаас болоод бие биеэ хуурсан байх гэсэн нийтлэг ойлголттой яваад байдаг. Гэтэл цаана нь маш олон шалтгаан байдаг. Жишээлбэл, санхүүгийн хямралтай удаан явснаас болоод бие биедээ чанартай цаг гаргаж чадахгүй байх, эсвэл бие биеэсээ хол амьдардаг байх, зарим тохиолдолд хамтдаа байгаад байгаа хэдий ч бие биеэсээ холбогдсон мэдрэмжийг авч чадахгүй байх зэрэг юм.

Ихэнхдээ манай монгол соёлд ойрхон, олон төрдөг хүүхэд төвтэй гэр бүлүүд байна. Энэ нь эргээд хосын харилцаан дээр яаж бууж байна вэ гэхээр хүүхдэдээ илүү анхаарлаа хандуулах, хүүхэдтэй байхаасаа өмнө бие биедээ гаргадаг байсан сэтгэл зүйн харилцаа нь хүүхэд рүү шилжчихээд байдаг. Тэгэхээр зарим хосууд хүүхэдтэй болсноосоо хойш “Манай нөхөр хүүхдээ л анхаараад намайг огт тоохоо больчихсон” гэдэг. Энэ нь эргээд соёлтой холбогдоод байгаа юм.

Мөн тухайн хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байх, ямар нэгэн байдлаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байгаагаас болоод эргэн өөрийгөө батлах хэрэгцээ үүсдэг. Хүний өөрийн үнэ цэн гэдэг өөр хэн нэгний хийж өгөх зүйл биш шүү дээ. Тиймээс тэр хүн хажууд байгаа хүн маань намайг үнэлэхгүй, ойлгохгүй, хүндлэхгүй, миний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзээд, өөр хэн нэгнээр өөрийгөө баталгаажуулахыг хүсдэг. Магадгүй бэлгийн амьдралын хувьд би чадамжтай гэж үзэх, эсвэл өөр хэн нэгэнтэй харилцаа үүсгээд, түүний үнэлэх үнэлэмжээр өөрийгөө дүүргэх гээд байдаг гэх мэтчилэн “хууралт”-д хүргэх маш олон шалтгаан байдаг. Зарим тохиолдолд өшөө авах байдлаар тухайн хандлагыг бас үзүүлж болдог. 

Энэ нь янз бүр байдаг. Зарим тохиолдолд хүмүүс үерхэж байх үедээ буюу харилцаа нь баталгаажаагүй үедээ давхар харилцаатай байж болдог шүү дээ. Түүнийг сэтгэл зүйн хувьд намайг хуурсан гэж үзээд, эргээд гэрлэлтийнхээ дараа өшөө авдаг. Зарим тохиолдолд гэрлэснийхээ дараа хэн нэгнийг хуурсан байгаад эргээд нөгөө хүнээ хуурах, эсвэл нөгөө нөхцөл байдал нь зэрэг явагдах хандлагууд харагддаг. Үүний суурь нь тухайн хос сэтгэл зүйн хувьд бат холбоо байхгүй байгаагаас л бий болоод байдаг.  

-Хосууд хол байх нь биенээ хуурах нэг шалтгаан болдог гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хол байна гэдэг нь заавал хуурна гэсэн үг биш. Хүмүүст хол байгаа юм чинь хуурч байгаа болов уу, хуурах байх даа гэсэн айдас үүсчихдэг. Гэхдээ хол хоёр, гурав, дөрөв, таван жил болсон ч гэсэн бие биедээ итгэмжтэй хосууд зөндөө байдаг. Тэгэхээр хол, ойроос үл шалтгаалан сэтгэл зүйн хувьд холбогдсон мэдрэмжийг авч чадахгүй байгаатай холбоотой. Энэ мэдрэмжийг авч чадахгүй байгаа нь тухайн хүний нөхцөл байдлаас үүдэн хэд хэдэн шалтгаантай байж болно. 

Жишээлбэл, тухайн хүн хүүхэд байхдаа эцэг эхийнхээ аль нэгэнтэй нь хамт өсөөгүй байх, эсвэл хамт байсан ч гэсэн эцэг, эхтэйгээ холбогдсон мэдрэмжийг авч чадаагүй байдлаас болоод ээнэгшлийн хувьд түгшүүртэй ээнэгшилд байдаг. Ийм тохиолдолд хамтрагч нь ямар хүн байхаас үл шалтгаалан гэсэн тэр хүн итгэлгүй байдалд байнга байх боломжтой. “Намайг хуурчих байх даа”, эсвэл “би хаягдах байх даа, энэ хүний хувьд үнэ цэнтэй биш юм шиг байна, энэ хүнтэй холбогдож чадахгүй байна” гэдэг асуудлыг өөр рүүгээ биш нөгөө хүн рүүгээ хараад байдаг. 

Хүний сэтгэл зүйн онцлог нь муу зүйлд автаж, түүнийгээ байгаагаас нь илүү том болгож нийгмийн асуудал мэтээр хүлээж авах хандлагатай байгаад байдаг. Тэр нь өөрийгөө хамгаалах анхдагч зөн совинтой нь холбоотой. Анх хүн төрөлхтөн үүсэж байхад араатан амьтнаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхээр аюултай дуу чимээ гаргах, аюултай нөхцөл байдал үүсэхэд би өөрийгөө хэрхэн аврах вэ гэдэг байдлаасаа болоод таагүй мэдээллийг том болгож хүлээж авдаг. Үүнээс үүдэн хол байх юм бол хууралт их байна гэх айдас цаана нь ажиллаад байгаа юм. Мэдээж бат бөх, тогтвортой харилцаа хүн удаан үргэлжлүүлэхийг хүснэ. Гэтэл амьдралын нөхцөлөөс шалтгаалаад хол байх нөхцөл үүсэх, эсвэл үүсэхээс өмнө хүн хамгийн түрүүнд эрсдэлээ бодож үзээд, яаж ийм байдалд орохгүй байх вэ гэдэг дээр хүмүүс ихэвчлэн хамтдаа байх сонголтыг хийдэг. Гэхдээ хол байхаар хуурна гэдэг нь айдсаас үүдэлтэй л итгэл үнэмшил байгаа. 

-Тэгэхээр гэр бүлийн өссөн орчин нөхцөл хамгийн их нөлөөлдөг гэж ойлгож болох уу?

-Гэр бүлийн орчин нөхцөл болон өмнөх хосын харилцааны туршлагууд нөлөөлж болно. Магадгүй хортой харилцаанд удаан явснаасаа болоод, эсвэл өмнөх харилцаандаа хууртагдаж байснаасаа болоод, мөн анхны үерхэл ямар байсан бэ гэдэг асар их нөлөөлдөг. Тэгэхээр үерхээгүй ч гэсэн өөрөө бусдад хайр сэтгэлээ илчлэх байдал нь олон давтамжтай байсан болбол энэ нь хосын харилцаанд итгэлгүй байх нөхцөлийг бас үүсгэдэг. 

-Сүүлийн үед залуу хосууд үерхээд удаагүй, хамт амьдарч үзээгүй, нэгнээ таньж амжаагүй байж хүүхэдтэй болох тохиолдлууд их байна шүү дээ. Уг нь хамтран амьдарч байж тусдаа гарвал ирээдүйд учрах эрсдэл нь мэдээж бага байх болов уу? 

-Дээр дурдсан шалтгаанууд дээр нэмэх бас нэг шалтгаан нь бие биеэ бүрэн таньж амжаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог, эсвэл яарч шийдвэр гаргаад хамтдаа байж үзээгүй хэр нь гэрлээд хамт амьдарч эхэлдэг. Учир нь манайх хүүхэд төвтэй гэр бүл соёлтой учраас хүүхэдтэй болчих л юм бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдэг байдлаар шууд гэрлэх, хамт амьдрах шалтгаан гаргаад эхэлчхэж байгаа юм.  

Гэр бүлээс гадуурх харилцаа ямар үед үүсдэг вэ? - Халуун

-Олон улсын туршлагаас авч үзвэл манай хосууд дийлэнхдээ юун дээр түлхүү алдаад байна вэ?

-Бидний гэр бүлийн соёлоос улбаатай гэдэг судалгаа бол байхгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн хүүхэд төвтэй, ойр ойрхон олон хүүхэд гаргаад ирэхээр хосууд бие биедээ цаг гаргах байдал нь багасаад эхэлдэг. Тэрнээсээ болоод сэтгэл зүйн хувьд холбогдох мэдрэмж байхгүй байгаад байна. Энэ нь ихэвчлэн хүүхдэдээ цаг зав гаргах, түүний хажуугаар ажлаа хийх, дээрээс нь өөртөө цаг зав гаргах нь хүртэл хязгаарлагдмал байгаад байна.

Хоногийн 24 цагийн наймыг ажиллаад өнгөрөөчихнө. Найман цагийг нь унтаад өнгөрөөчихнө. Тэгэхээр цаана нь үлдсэн найман цагийг хүмүүс ихэвчлэн ажилдаа явахдаа нэгээс хоёр цаг зарцуулчхаж байгаа юм. Үлдсэн цагийг нь өглөө, оройны хоол идэх үеүдэд л хамтдаа байх боломж бий болж байгаа юм.

Дээрээс нь амралтын хоёр өдөр ажиллаж байгаа тохиолдол Монголын нийгэмд нэлээн түгээмэл байна. Энэ амралтын хоёр өдрийг гэр бүл, хосын харилцаандаа зориулдаг соёл байхгүй байгаад байна. Дээрээс нь хүн өөрийн хувийн цаг гаргаж чаддаг байж хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой байж чаддаг. Тэгэхээр энэ бас түгээмэл байхгүй байна. Бид нийтээрээ баасан болон бямба гарагт гадуур гарч, шоудах байдлаар амралтын өдрийг өнгөрөөчхөөд байгаа шүү дээ. Тэр байдлаараа нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаад байдаг. Гэтэл үүний цаана: 

Нэгдүгээрт, Үндсэн гэр бүлтэйгээ харилцах харилцаа (эцэг, эх, төрсөн ах, дүү нартайгаа харилцах харилцаа)

Хоёрдугаарт, одоогийн зохиосон гэр бүл, үерхэж байгаа хосын харилцаа 

Гуравдугаарт, ажил мэргэжилтэй холбоотой харилцах харилцаа

Дөрөвдүгээрт, нийгмийн хүрээлэл (найз нөхөдтэйгөө харилцах харилцаа)

Тавдугаарт, өөрөө өөртэйгөө харилцах харилцаанууд байдаг. Тэгэхээр үлдсэн найман цагтаа энэ бүх харилцааг зохицуулах хэрэгтэй болоод байдаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор монголчуудын нийтлэг хандлага нь ажлаа илүү цагаар хийх, ажлаас нь шаардаагүй байсан ч илүү цагаар хийх хандлага түгээмэл байгаад байгаа юм. Үүнийг гэр бүлийн амьдрал дээр буулгаад үзэхээр гэртээ байгаа хүүхэд, гэр гэх мэт ахуйн ажлуудыг амжуулж байгаа хүний хувьд асар их ачаалалтай болоод явчихдаг. Энэ тэнцвэргүй байдал нь зөвхөн хосуудад бус хүүхдүүд дээр ч гэсэн гарч ирдэг. 

-Гэр бүлээс гадуурх харилцаатай хосуудад мэдрэгдэх мэдрэмжийн хувьд хэнд нь илүү хэцүү байдаг бол?

-Хоёуланд нь хэцүү байдаг. Хууртагдсан талд өөртөө итгэлгүй байдал бий болж эхэлдэг. Энэ нь ургуулан бодох, хэтрүүлэн бодох хандлагатайгаар илэрдэг. Тухайн нөхцөл байдал үүсэхээс өмнө өөртөө итгэлтэй байсан бол тэр итгэл нь унаж эхэлдэг. Мөн тухайн үйл явдлыг баталгаажуулах гэж хайж эхэлдэг. Тухайлбал, мөрдөх, бүх цахим хаягийнх нь нууц үгийг олох гэж оролдох, тулгах, хянах байдал үүсэж эхэлдэг. Мэдэх тусмаа хууртагдсан талд илүү байдаг.

Уг нь бүх зүйлийг тодорхой болгочихвол сэтгэл нь амрах юм шиг санагдаад байгаа боловч илүү их мэдээлэлтэй болох тусам түүнийгээ ургуулан бодож, мэдрэмжийн хувьд хүнд болж эхэлдэг. Энэ цаашлаад энэ харилцааг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг дээр эргэлзэж эхэлнэ.

Ихэнхдээ харилцаа эхэлж байгаа болбол энэ асуудлыг давах нь бага байдаг. Гэтэл олон жил хамт байж, дурсамж бүтээчихсэн, нэг, хоёр, гурван хүүхэдтэй болчихсон тохиолдолд илүү хүнд цохилтод орох боломжтой байдаг. Яагаад гэвэл энэ хүн намайг хуурсан учраас сэтгэлгүй юм байна, больё гэхэд нөхцөл байдал нь боломжгүй болчихсон байдаг. Хамт бүтээсэн дурсамжийг нэг л өдөр үгүй болгоод сална гэдэг хэцүү. 

Харин хуурсан талд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр “би юу хийчих вэ”, “яагаад ийм нөхцөл байдал үүсчих вэ” гэж гайхаад байдалд орж, асуудлаасаа зугтааж, бодохгүй байхыг хүсдэг. Дараагаар нь хийсэн зүйлээ зөвтгөж, өөрийгөө өмөөрөх байдал бий болдог. Энэ байдал үргэлжилсний дараагаар гэмших байдал руугаа орж эхэлдэг. Энэ гурав дахь үе шат руугаа ороод ирэхээр хууртагдсан хүнтэй адил хүнд байдалд орж эхэлнэ. Хүн хэн нэгнийг буруутгахаас илүү өөрийн хийсэн зүйлдээ гэмших хэцүү байдаг.  

Хэрэв сэтгэл зүйн биш физиологийн хууралт байсан бол энэ бүхэн ингээд дуусчихна. Гэтэл сэтгэл зүйн хувьд дахиад нэг хүнтэй холбогдчихдог. Гэвч зарчмын хувьд буруу гэдэг үйлдлийг гаргачхаад байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө шүүж эхэлдэг. Энэ үед хэрэв гэр бүлээс гадуурх харилцааг эхнэр, нөхрийн аль нэг нь мэдээгүй тохиолдолд нэгнээсээ зайлсхийж эхэлдэг. Энэ нь өөрийгөө хамгаалах хүний сэтгэл зүйн механизмтай холбоотой. Мэдчихсэн тохиолдолд аль алинаас нь зайлсхийх, аль эсвэл хоёуланд нь илүү сайн хандах хандлагатай байдаг. Хоёр талд сэтгэл зүрхээ зориулах тусам өөрийгөө гарцгүй байдал руу оруулж эхэлдэг. Тэгэхээр тэр хүн өөрөө яахаа мэдэхээ байж, маш хэцүү байдалд орж эхэлдэг. 

Ихэнх хүмүүс больё гээд шийдвэр гаргачихвал л болчих юм шиг санадаг. Гэтэл энэ бол маш хэцүү. Магадгүй хэд хэдэн удаагийн зөвлөгөөнд явсны дараа энэ нөхцөл байдал үүсэхэд ямар ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдгийг үнэлж дүгнэх, миний зүгээс өөрийгөө зөвтгөөд байгаа зүйл нь юу байна вэ гэдгийг тодорхой болгох, энэ харилцаа цааш үргэлжилбэл хаа хүрэх юм, ямар байх юм гэдгийг шинжилж үзэх хэрэгтэй. Үүний дараа шийдвэр гаргахад эргээд аль ч талдаа харамсахгүй шийдвэр гаргах боломжтой байдаг.

-Хэрэв харилцаа удаан үргэлжилсэн тохиолдолд ийм асуудал үүсвэл яах вэ?

-Тийм болохоор илүү сэтгэл зүйчид хандаж байгаа байх. Гэхдээ шууд больдог хосууд бараг байхгүй дээ. Энэ асуудлыг шийдэх гэж оролдоно. Нөгөө тал нь тэр харилцаагаа дуусгаж, эргээд энэ харилцаагаа засаж, залруулах гэж оролдоно. Мэдээж энэ дунд олон хямралууд бий болно. Хууралт нь тэр харилцаанд гарч байгаа нэг хямрал байгаад байна шүү дээ. Гэтэл энэ нь гол асуудал биш байдаг. Ихэнхдээ тэрийг үүсгэсэн нөхцөл байдлууд нь дээр дурдсан хүчин зүйлүүд болон тэр хосын харилцаанд болж бүтэхгүй байгаа зүйлүүд байдаг.

Жишээлбэл, нэг аягатай харахад тунгалаг ус байя гэж бодъё. Гэтэл тэрийг хөдөлгөж, ямар нэгэн байдлаар  доргилт өгөхөд тэр доор нь туначихсан зүйлүүд нь босоод ирж болох юм. Тэгвэл тэр хөдөлгөөд байгаа зүйл чинь хууралт. Гэтэл тэр хууралтын дараа маш олон давуу талууд гарч ирж болдог. Тэр хосын харилцаа юунаас болоод энэ байдалд хүрсэн бэ, тийм байдалд хүргэх үндсэн хүчин зүйлүүд нь юу байсан бэ гэдэг нь босоод гараад ирдэг. Тэгэхээр тэр асуудлаа шийдчих юм бол хосын харилцаа нэг шат ахих боломжтой. Иймээс болохгүй байгаа асуудлаа гаргаж ирж шийдэх юм бол тэр хосын харилцаа бат бэх болно.

-Ямар тохиолдолд хосууд харилцаагаа үргэлжлүүлэхгүйгээр салдаг вэ?

-Хэд хэдэн тохиолдлоос болоод энэ харилцаа заавал үргэлжлэх шаардлагагүй гэж үздэг. Тухайн хүн хууралтын хажуугаар сэтгэл зүйн хувьд маш их дарамт үзүүлдэг, эсвэл бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг байж болно. Тодорхой нөхцөлүүдэд сэтгэцийн эмгэгтэй боловч тэрийгээ оношлуулаагүй хүмүүс бас байдаг. Сэтгэцийн эмгэг нь өөрөө зарим тохиолдолд эдгэшгүй байж болно. Мөн байнгын буюу насан туршийн сэтгэл зүйч дээр явах, сэтгэцийн эмчийн хяналтад эм уух байж болно. Гэх мэтчилэн тохиолдлуудад яах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй болж байгаа юм. 

-Харилцаагаа нөхөн сэргээхийн тулд яах вэ? 

-Өөрсдийнхөө өнгөрсөн нөхцөл байдлын ярилцах нь чухал байдаг. Гэхдээ хосууд юу гэдэг вэ гэхээр ярилц гэж зөвлөөд байдаг. Гэтэл асуудал нь улам томроод байна гэдэг. Ямар тохиолдолд тэгдэг вэ гэхээр шийдэгдээгүй шархаас үүдээд ингээд байж болдог. Нөгөө талаасаа тухайн хүний өөрийнх нь хандлага нь шүүсэн, буруутгасан хандлагаар ярих гэж оролдох нь өөрөө ахиад асуудлыг том болгоод байдаг. Тэгэхээр ямар зарчмаар ярилцах вэ гэхээр аль болох буруутгахгүй шүүмжлэхгүй, өөрийнхөө үзэл бодлыг тулгахгүйгээр сонсох хэрэгтэй байдаг.

Мөн өөрийгөө эдгээх хэрэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд аав, ээжийн шархтай хүмүүс олон байдаг. Тэр нь одоогийн хосын харилцаанд нөлөөлдөг. Магадгүй багадаа үл хайхрагдаж байснаас болоод нөгөө хүндээ гомдолдог, байнга хамт байх гээд байдаг. Гэтэл нөгөө хос нь хэтэрхий дотно байдлыг бий болгочих юм бол эргээд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд, өөрөө сэтгэл зүйн хэцүү байдалд орно гээд хостойгоо ойртож чаддаггүй. Сэтгэл зүйн хувьд бүрэн дүүрэн биш байж болдог гэх мэтчилэн өнгөрсөн харилцааны шарх нь одоогийн харилцаан дээр ажиллаад байдаг. 

Тэгэхээр эргээд хүмүүс зөвлөгөө авах гэхээр хамтран уулзалт нь цөөхөн товлогддог. Харин хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах тэр уулзалтууд нь илүү байдаг. Тэгэхээр өнгөрсөн шархаа эдгээх гэдэг маш чухал юм. 

Ийм асуудлын дараа хүмүүс харилцаагаа дүгнэж үздэг. Мэдээж нэг өдрийн дотор алга эргүүлсэн юм шиг алга болохгүй. Тодорхой хугацаа шаардагдана. Үүний дараа илүү төлөвшсөн, нэг нэгнээ ойлгосон байдлаар харилцаа үргэлжлэх боломжтой. Хэрэв тэр хямралын үеэ давж чадахгүйгээр харилцаагаа дуусгачих юм бол дараагийн харилцаандаа бүр илүү сэтгэлийн шархтай, хаалттай болж ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлж эхэлнэ.  

-Тэгвэл харилцаагаа хэрхэн аварч үлдэх вэ? Ярилцахаас өөр ямар арга байна вэ?

-Үүний тулд тогтмол зохион байгуулдаг эвент буюу үйл ажиллагаатай болох хэрэгтэй. Болзохоо зогсоож болохгүй. Заримдаа амьдралын шаардлагаар хүүхдүүд ойрхон төрөх, хол байх зэрэг янз бүрийн нөхцөлөөс үүдээд уулзаж чадахгүй байх тохиолдлууд байдаг. Гэхдээ хүмүүс цалингаа буухаар болзоно, эсвэл төрсөн өдрөөр нь болзоно гэх мэтчилэн тодорхой нөхцөлүүдэд болзоог зохион байгуулаад байдаг. 

Гэхдээ ихэнх амжилттай яваа хосуудыг харахад долоо хоногтоо заавал нэг удаа цаг гаргадаг. Хэчнээн завгүй байсан ч гэсэн сонсох, ярилцах цаг гаргадаг. Амьдралын чухал үйл ажиллагаануудыг алдахгүй байнга тэмдэглэх гэх мэт амьдралын тогтсон хуваарьт орчихсон байдаг. Тэр нь тогтмол явагдаж байгаа учраас эргээд хосын харилцаанд энэ хүний хувьд би чухал гээд эргээд хайрлагдсан, холбогдсон мэдрэмжийг авч чадна. 

-Энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хуульчилсан орнууд байдаг. Гэхдээ хуульчиллаа гээд бие нь тэр хүний хажууд, харин сэтгэл нь байхгүй байгаад байвал хэн хэндээ сайхан мэдрэмж төрүүлэхгүй. Тэгэхээр энийг албан хүчээр хуулиар тэгж болохгүй гээд шийдчихлээ гэж бодъё. Гэтэл сэтгэл хөрөх гэдэг заавал хосоосоо шалтгаалаад байгаа зүйл биш тэр хүний дотоод асуудалтай холбоотой байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр асуудлууд руу анхаарлаа хандуулахгүйгээр зүгээр л хамтдаа байх ёстой гэчихээр илүү албадмал хүйтэн хөндий харилцаа дэлгэрэх боломжтой. Мэдээж хуулийн хариуцлага авахгүйн тулд тэр нь илүү нууц болж, хүнд асуудлууд их үүсдэг юм билээ. Тэгэхээр хувь хүнийхээ өнцгөөс харахад хуульчлах нь тийм ч ач холбогдолтой байж чадахгүй. Ийм асуудал үүсэж байгаа нь зөв гэж байгаа юм биш. Гэхдээ үүссэний дараа илүү өнгөрсөн асуудлаа олж харна. Тэгээд түүнийгээ ойлгож, уучилж, шийдэж чадвал дээр дурдсанчлан илүү бат бөх болох боломжтой.  

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу