Банкны зээлийн төлөвийн судалгааг санал асуулга хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ дагуу банкуудаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 22-ны өдрийн хооронд санал асуулга хэлбэрээр өнгөрсөн болон дөрөв, тав, зургаадугаар сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, тайлан боловсруулжээ.

Банкуудын зээлийн төлөв буюу 2024 оны I улирлын түүвэр судалгааны тайлангаас сонирхуулъя. Энэхүү судалгааны зорилго нь банкуудаас олгож буй зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт болон нийлүүлэлт, тэдгээрийн цаашдын төлөвийг тодорхойлох аж.

Банкны зээлийн төлөвийн судалгаанд нийт 12 банкийг хамруулсан бөгөөд тухайн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан байна.

Өнгөрсөн 1-3 дугаар сарын хугацаанд том банкууд иргэдийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол аж ахуйн нэгжийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Харин дунд болон жижиг банкууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна. Дөрөв, тав, зургаадугаар сарын хугацаанд банкууд зээлийн шалгуураа хэвээр хадгалах хандлагатай нь харагджээ.

Өнгөрсөн 1-3 дугаар сарын хугацаанд банкууд аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй бол дөрөв, тав, зургаадугаар сарын хугацаанд банкууд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах хүлээлттэй байна.

Өнгөрсөн 1-3 сарын хугацаанд том болон дунд банкуудад зээлийн эрэлт нэмэгджээ. Ялангуяа том банкуудад иргэдийн зээлийн эрэлт нэлээд нэмэгдсэн бол жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт ороогүй ажээ.

Дөрөв, тав, зургаадугаар сард том банкууд ААН-ийн зээлийн эрэлт нэлээд, иргэдийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол дунд банкууд ААН-ийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэж, иргэдийн зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй гэж үзсэн байна. Жижиг банкууд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй, хэвэндээ байна гэжээ.

Дөрөв, тав, зургаадугаар сард том банкууд нийт зээлийн нийлүүлэлтээ нэлээд, дунд банкууд ААН-ийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөвтэй бол жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байгаа аж.

2024 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД БАНКУУД ААН-ИЙН ЗЭЭЛИЙН ШАЛГУУРАА ХЭВЭЭР ХАДГАЛНА

Банкуудын ААН-ийн зээлийн шалгуур 2018 оноос хойш харьцангуй тогтвортой байсан бол 2021 оны I улирлаас эхлэн 4 улирлын турш сулрах мужид байжээ. Харин банкууд 2022 онд зээлийн шалгуураа нэлээд чангаруулсан бол 2023 оны I улирлаас сулруулж эхэлсэн байна. 2024 оны I улиралд ААН-ийн зээлийн шалгуурын индекс -0.19 гарсан нь өмнөх улирлын бага зэрэг сулруулах хүлээлттэй нийцтэй гарчээ.

Ирэх улиралд банкууд ААН-ийн зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах төлөвтэй байна.

Банкууд 2024 оны I улиралд ХАА, худалдаа, үйлчилгээний салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулсан бол уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарын зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.

2024 оны II улиралд ХАА, худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг сулруулах, барилга, уул уурхайн салбарын зээлийн шалгуурыг чангаруулах, боловсруулах үйлдвэрийн салбарт хэвээр нь хадгалах төлөвтэй гэжээ.

2024 оны I улиралд ААН-ийн зээлийн шалгуурыг сулруулахад эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, өрсөлдөөн нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ.

Банкуудын иргэдийн зээлийн шалгуур 2020-2021 онд харьцангуй тогтвортой байжээ. Харин банкууд 2022 онд зээлийн шалгуураа чангаруулж, 2023 оны I улирлаас сулруулж эхэлсэн бол оны сүүлээр эргээд бага зэрэг чангаруулсан байна.

2024 оны I улиралд иргэдийн зээлийн шалгуурын индекс -0.09 гарсан бөгөөд банкууд зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Хоёрдугаар улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа мөн бага зэрэг сулруулах төлөвтэй гарсан байна.

Банкууд 2024 оны I улиралд автомашин, хэрэглээний зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол бусад төрлийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна. Ирэх улиралд цалингийн зээлийн шалгуураа чангаруулж, автомашин болон малчны зээлийн шалгуураа бага зэрэг сулруулан, бусад төрлийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байна (Хүснэгт 2).

2024 оны I улиралд иргэдийн зээлийн шалгуурыг сулруулахад нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзвэл эх үүсвэрийн зардал, боломж, өрсөлдөөн, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал голлон нөлөөлжээ (Зураг 4).

Банкуудын ААН-ийн зээлийн нөхцөл 2018 оноос хойш харьцангуй тогтвортой байсан бол 2021 оны I улирлаас эхлэн огцом суларч, чиглэлийн индексийн утга нь 5 улирлын турш сулрах мужид байжээ. Харин 2022 оны II улирлаас эхлэн бага зэрэг чангарч, 2023 онд харьцангуй тогтвортой байв.

 2024 оны I улиралд банкууд ААН-ийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулсан бөгөөд энэ улиралд мөн адил бага зэрэг сулруулах төлөвтэй гэжээ. Банкууд 2024 оны I улиралд ХАА, худалдаа, үйлчилгээний салбарт олгох зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулсан бол уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт олгох зээлийн нөхцөлөө өөрчлөөгүй байна (Хүснэгт 3).

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу