Нэгдсэн үндэстний байгууллага өнгөрсөн долоо хоногт тайландаа “Израилийн батлан хамгаалах хүчин мөргөлдөөнтэй бүс дэх хүүхдүүдийг хохироож байна” гэж бичжээ. Үүний улмаас тус улсын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэр болон Палестинд НҮБ-ын агентлагуудын үйл ажиллагаанд хориг тавихаар хэлэлцэж байгаа талаар Британийн “Financial Times” (FT) сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус сонинд мэдээлснээр, Израилийн эрх баригчдын хийж болзошгүй үйлдлүүдэд НҮБ-ын ажилтнуудын визийг сунгахаас татгалзах, өндөр албан тушаалтнуудыг бойкотлох гэх мэтчилэн тус улс дахь бүх төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг багтаж буй юм байна.

Нэмж дурдахад, хэлэлцэж буй хориг нь дэлхийн байгууллагын Ойрхи Дорнодын энх тайвны үйл явцыг хариуцсан тусгай зохицуулагч Тор Веннесландын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэж хэвлэлд мөн нэмж мэдээлжээ.

Израилийн засгийн газрын зургаадугаар сарын 9-ний өдөр болсон хуралдаан дээр НҮБ-ын эсрэг хариу арга хэмжээ авах талаар яригдсан гэж “FT” онцолсон байна. Түүгээр ч барахгүй энэ асуудал Еврей улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “шилжсэн” бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байгааг тус сонин тэмдэглэжээ.

Эх сурвалж: FINANCIAL TIMES, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу