АНУ Тажикистаны найман иргэнийг “Исламын улс” террорист бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Мягмар гарагт NBC эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Хэвлэлд мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо Лос-Анжелес, Нью-Йорк, Филадельфи хотуудад ажиллагаа явуулахдаа тэднийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүс бүгд тус улсын өмнөд хилээр нэвтэрчээ. NBC-ийн тэмдэглэснээр, тэдний хоёр нь 2023 оны хавар Америкийн хилээр нэвтэрсэн байна.

Холбооны мөрдөх товчоо тэднийг хэдэн сарын турш шалгаж, хянаж байсан бөгөөд Цагаачлалын хууль зөрчсөнтэй нь холбогдуулан албан ёсоор баривчлах гэж байсан аж.

Үүний зэрэгцээ “Нью-Йорк Пост” сонинд мэдээлснээр, саатуулагдсан найман хүний зургаа нь Тажикстаны иргэн бөгөөд давхар Оросын иргэншилтэй аж.

Мөрдөн байцаалтын явцад Холбооны мөрдөх товчооны ажилтнууд сэжигтнүүдийн утсыг чагнасан бөгөөд “Баривчлагдсан хүмүүсийн нэг нь тэсрэх бөмбөгний талаар ярьж байсан” гэж сонинд бичсэн байна.

Нэрээ нууцалсан эх сурвалжуудын хэлснээр, сэжигтнүүд 2013 онд Бостоны марафоны үеэр болсон эмгэнэлт явдалтай төстэй террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан бололтой.

Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй өмнө нь АНУ-ын Сенатын Төсвийн комиссын сонсголын үеэр ОХУ-ын “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагатай адил халдлага АНУ-д нүүрлэж болзошгүй талаар мэдэгджээ.

Эх сурвалж: NBC NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу