Алдарт дуучин Селин Дион “NBC News” телевизийн “Today” нэвтрүүлгийн хөтлөгч Хода Котбтой ярилцжээ. Тэрбээр энэ үеэр ховор тохиолддог мэдрэлийн эмгэг болох “хөшүүн хүний хам шинж” ​​синдромтой хэрхэн тэмцэж буй, энэ ховор өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, ижил оноштой хүмүүст туслахыг хүсч буй талаараа ярьсан байна.

Тэрбээр удахгүй гарах “Би: Селин Дион” баримтат кинонд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн талаар хэлжээ. Селин Дион ховор тохиолддог мэдрэлийн эмгэгтэй тэмцэж байхдаа тоглолт хийхийг маш их хүсч байсан бөгөөд тэсвэрлэшгүй өвдөлт түүнийг “Валиум” эмийг өдөрт 90 миллиграммаар буюу үхэлд хүргэж болзошгүй тунгаар уухад хүргэж байсан талаар ярьжээ.

Канадын алдарт дуучин Дион нэг сая хүн тутмын 1, эсвэл 2-т тохиолддог “хөшүүн хүний хам шинж” гэх өвчнөөр өвчилсөн байна.

Грэммийн таван удаагийн ялагч Дион өвчний шинж тэмдгийг дарахын тулд булчингийн агшилт, таталтыг зогсоодог дээрх хүчтэй эмийг 20 миллиграмм тунгаар ууж эхэлжээ. Энэхүү эмийн насанд хүрэгчдэд зориулсан тун ихэвчлэн 2-10 миллиграмм байдаг аж. Гэвч түүний бие өдөрт 90 миллиграмм хүртэл нэмэгдүүлж уух хүртэл маш хүчтэй өвдөж байсан талаар Дион ярьжээ.

Тэрбээр Хода Котбд “Ерэн миллиграмм “Валиум” үхэлд хүргэнэ. Миний бие 20, 30, 40 миллиграммд дасал болсон байсан. Тийм учраас 90 миллиграммаар хэрэглэснээр бүх бие тайвширдаг байсан” гэж ярьсан байна.

Дион 2020 оны хавар “Ковид-19” тахал дэгдэх үед дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсны улмаас эмийн үйлдвэрлэл тасалдсан тул уухаа зогсоожээ. Домогт дуучин “Эмч нарын тусламжтайгаар хүчтэй эмийн хэрэглээгээ зогсоосон ч өвчний шинж тэмдгүүд маш хүчтэй, улам тод илэрсээр байсан аж.

Тэрбээр 2022 оны сүүлээр ховор тохиолддог өвчнөөр өвчилснөө зарлаж, шүтэн бишрэгчдээ цочирдуулсан бөгөөд түүний хүрээлэл ч багасчээ. Тэрбээр өдгөө энэхүү эмгэгтэй үргэлжлүүлэн тэмцэж буй ч дахин тоглолтоо хийхээ амалсан байна.

Дионыг эмчилдэг, Колорадо мужийн мэдрэлийн эмч, доктор Аманда Пикет “Булчингийн спазм нь янз бүрийн зүйл, тухайлбал стрессээс үүдэлтэй байдаг. Энэ нь сэтгэл хөдлөл, эсвэл сэтгэлийн дарамтаас үүдэж болно” гэж хэлжээ.

“Оскар”-т нэр дэвшсэн, найруулагч Ирен Тейлор удахгүй гарах “Би: Селин Дион” кинондоо Дионы ярьж, хөдөлж чадахгүй болтлоо сульдаж, ядарч туйлдсан үеийн дүр зургийг оруулсан байна.

Тейлор үүнийг “Миний амьдралдаа харсан хамгийн “ер бусын хэцүү” мөч. Тэр үнэхээр төсөөлшгүй зүйлийг тэсвэрлэж байсан” гэж хэлжээ.

Дуучин Селин Дион өдгөө 13 настай ихрүүд болох Нелсон, Эдди нартаа “Хэрвээ ээж нь ярьж чадахгүй болвол битгий айгаарай. Ээж нь үхэхгүй. Ээж нь утсаар ярьж чадахгүй, чамайг сонсохгүй, ямар нэгэн хариу өгч, харилцаж чадахгүй болж магадгүй” гэж хэлснээ ярьсан байна. Ихрүүд нь “911 рүү залгах”-аа хэдийнэ мэддэг болжээ.

Эх сурвалж: NBC NEWS
Д.ТУЯА

4 САНАЛ

  1. Тиймээ булчингийн зовиур маш хэцүү.заримдаа гэнэт хөдөлж ч чадахгүй болдог

  2. Өвдөөд хөдлөхөөр зүгээр болчих юм шиг санагдсан ч
    хөдөлж өгдөггүй,яг яс л өвдөөд бгаа юм шиг тийм нэг сонин мэдрэмж….

  3. Селен дионыг эмч нар бүрэн бизнесийн бай болгожээ. Энэ таталтыг гүйлт сунгалтаар ямар ч эмгүйгээр Монголын хээр талд рашаан ус ууж эмчилдэг. Мөн

  4. Тиймээ. Барууныхан хүнийг бүр ээж аавыгаа ч өвдвөл хаячихдаг хүн хогууд Азиуд эсжргжэх нь харж ханддаг. Либерал хүмүүсд нохой муур нь л сэтгэлийн баясал. Тэд үнэндээ хэн ч биш хүн хархууд

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу