Нью-Йорк хотноо 2024 оны зургаадугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал болж байна. Тус хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болжээ.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхийн санал авч, тус хороонд 2025-2028 онд үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг ажээ. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримталдаг байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд АНУ-ын Нью-Йорк хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурал болсон.

Энэ үеэр “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байв.

Тус хорооны гишүүний есөн суудлын төлөө 27 улсын нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын төлөөлөгч анх удаа уг сонгуульд нэр дэвшиж, НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон билээ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчим баримталдаг.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу