Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг өнөөдөр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-ын чуулганаар гаргасан билээ. Эл асуудалтай холбогдуулан АН-аас байр сууриа илэрхийллээ. 

АН-ын гишүүн О.Баасанхүү “Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар АН-ын нэрээр Өмнөговь аймгаас сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Д.Бат-Эрдэнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан тухай харамсалтай мэдээ сонслоо. 

Ардчилсан намаас УИХ-д 11 гишүүн байдаг. Энэ цөөхөн гишүүний нэгийнх нь эрхийг түдгэлзүүлж, Өмнөговь дахь АН-ын төлөөллийг байхгүй болголоо. Үүнийг бид анхааралтай ажиглаж байгаа. АН анхнаасаа эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг гэдэг утгаараа аливаа гэмт хэрэгтээ холбоотой асуудалд өмөөрөн хамгаалах байр суурь илэрхийлж байгаагүй, цаашид ч илэрхийлэхгүй. 

Бид хэрэгт холбогдсон хэн ч байсан сайн дураараа шалгуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Үүний дагуу манай намын нэр дээр тодорхой эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гишүүн байвал хууль хяналтын байгууллагад саад учруулахгүйгээр, сайн дураараа шалгуулж байсан. 

Сүүлийн үед АН руу дайрах, АН-ын нэр хүндийг гутаах, даргыг нь доромжлох мэдээллийг зохион байгуулалттай гаргаж байгаа. Үүнийг МАН-ын санхүүжилттэй гэж хардаж байна. Тиймээс уг асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.

Мөн МАН Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй. Оруулаагүй учраас өнөөдөр Өмнөговь аймгийг төлөөлж УИХ-д хэн байхыг МАН хуйвалдааны аргаар шийдэж байна. Тийм учраас Өмнөговийн төлөөлөл эзгүйрч байгаа энэ асуудалд бид хариуцлагатай байх ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш хэн нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаа бол хуулийн дагуу шалгагдаад явах ёстой” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу