НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаарх Олон улсын бие даасан мөрдөн байцаах комиссын тайланд “Израилийн эрх баригчид аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст үйлдэж буй хүн төрөлхтний эсрэг, дайны гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой” гэж дурджээ.

Тус баримт бичигт “Израилийн эрх баригчид 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш Газад явуулж буй цэргийн ажиллагаа, дайралтын үеэр үйлдсэн дайны, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой. Мөн Палестины зэвсэгт бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэрт үйлдсэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээх болно” гэж дурдсан байна.

НҮБ-ын комиссын гишүүд Тель-Авивыг энгийн иргэдийг санаатайгаар алах, хөнөөх, объектуудад санаатайгаар халдах, дур зоргоороо баривчлах, хувь хүний ​​нэр төрд халдсан гэмт хэргүүддээ хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэжээ.

Тус тайланд “Комисс Израилийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Палестин хөвгүүдийг устгах, бэлгийн хавчлага, аллага үйлдэх, албадан нүүлгэн шилжүүлэх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, харгис хэрцгий харьцах зэрэг гэмт хэргүүд үйлдсэн гэж дүгнэсэн” хэмээн дурдсан байна.

НҮБ “Газын зурваст энгийн иргэд “их хэмжээний” хохирол амсаж, тэдний газар нутаг, дэд бүтцийг сүйтгэж байгаа нь ялгавартай байх, пропорциональ байх, урьдчилан сэргийлэх зарчмуудыг үл тоомсорлосон, хамгийн их хохирол учруулах зорилготой стратегийн зайлшгүй үр дүн” гэж үзжээ.

Уг баримт бичигт Тель-Авив комиссын мөрдөн байцаалтад саад учруулж, Израиль болон Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосныг онцолсон байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу