АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден галт зэвсэг худалдаж авахдаа мансууруулах бодис хэрэглэснээ нуун дарагдуулсан гэм буруутайг шүүх өнгөрсөн Мягмар гарагт тогтоож, ял оноов. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч нарын хүүхдүүдээс гэмт хэрэгт холбогдож, ийн ял шийтгүүлсэн анхны хүн болжээ.

Ерөнхийлөгчийн төрөлх Делавар мужийн Уилмингтон хотын шүүхийн 12 шүүгч 54 настай Хантер Байденыг гурван гэмт хэрэгт буруутгасан байна. Шүүх хуралд тэргүүн хатагтай Жилл Байден болон Хантер Байдены эхнэр Мелисса нар оролцжээ.

Хантер Байден мөн Калифорни мужид 2016-2019 оны хооронд 1.4 сая ам.долларын татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байгаа юм. Тэрбээр согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай үедээ галт зэвсэг худалдаж авсан нь хууль зөрчсөн хэрэг болжээ. АНУ-ын хуулиар ийм хамааралтай хүнд галт зэвсэг худалдахыг хориглодог байна. Хантер Байден 2018 онд “Colt Cobra” хийцийн гар буу худалдаж авахдаа бүрдүүлдэг баримт бичигт мансууруулах бодисын хамаарлаа нуун, худал мэдүүлжээ. Хуулийн дагуу эцсийн шүүх хурлыг яллах дүгнэлт гарснаас хойш 120 хоногийн дотор товлодог байна.

Хантерын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн бол Жо Байден шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шүүхийн цаашдын үйл явцад хүндэтгэлтэй хандахаа мэдэгджээ.

Шүүх хурал дууссанаас хойш хэдхэн цагийн дараа Хантер эхнэр, хүүгийн хамт Нью Кэстл дэх Делаварын Үндэсний Гвардын агаарын баазад нисдэг тэрэгтэй газардсан Жо Байденыг тосож уулзсан байна. Энэ үеэр Жо Байдены хүүгээ тэвэрч, бэр, ач хүүгээ үнсэж буй нь хэвлэлүүдийн дуранд өртжээ.

Шүүх энэ төрлийн гэмт хэрэгт 15-21 сарын хорих ял оноодог байна. Хуульчдын хэлж буйгаар, яллагдагч урьдчилан суллах нөхцөлийг дагаж мөрдвөл хорихгүй ч байх боломжтой аж.

Хантерын хэрэг энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай юм.

Жо Байдентай өрсөлдөх Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп тавдугаар сарын 30-нд мөн шүүхээс ял сонссон. Тэрбээр АНУ-ын түүхэнд гэмт хэрэг үйлдсэн анхны ерөнхийлөгч асан болоод буй юм.

Жо Байдены хүү Хантер Байденд холбогдох хэргийн шүүх хурал ирэх есдүгээр сарын 5-нд Лос-Анжелес хотод товлогджээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу